“Эрдэнэс-Тавантолгой” ХК-иас өнөөдөр ээлжит хэвлэлийн хурлаа хийж, Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга М.Амарбаяр мэдээлэл өглөө.
Өнгөрсөн долоо хоногт “Эрдэнэс-Тавантолгой” ХК 47.6 мянган тонн нүүрс олборлож, 309 тэвшээр 23.7 мянган тонн нүүрс ачиж, 302 тэвшээр 39.2 мянган тонн нүүрс экспортод гаргалаа. 2020 онд нийт 2.3 сая тонн нүүрс олборлож, 2.1 сая тонны нүүрс уурхайгаас ачиж, 853.4 мянган тонн нүүрс экспортлоод байна.
Хувьцаа эзэмшигчдийн хуралд танилцуулснаар ногдол ашиг хуваарилах шийдвэр албажин баталгаажиж, тавдугаар сарын 1-нээс хойш ҮЦТХТ-өөр дамжуулан иргэдэд ногдол ашиг олгож эхэлнэ. Тиймээс иргэд хувьцааны дансаа нээлгэх, хувьцааны данстай холбогдсон банкны дансаа шалгаж баталгаажуулах шаардлагатай. Хувьцааны дансаа нээлгэсэн 1.850.000 иргэн байгаагийн 1.550.000 нь банкны дансаа мэдүүлээгүй байгаа юм. Хувьцааны дансаа нээлгээгүй 700 мянга орчим иргэн байна.
Тус компанийн охин компани “Эрдэнэс-Тавантолгой Майнинг” компанийн туслан гүйцэтгэгч “Ти Ти Жи Ви Си Өү” ХХК шинээр байгуулагдсан үйлдвэрчний эвлэлийн тэргүүлэгчээр сонгогдсон арван ажилтнаа халж, “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн есөн ажилтныг өөрийн техник дээр ажиллахгүй байх шийдвэр гаргасан. Үүнээс болоод ЭТТ ХК-ийн уурхайн ажилчид ээлжинд гарч, буухдаа жагсаал хийх хэлбэрээр эсэргүүцлээ илэрхийлж байгаа юм. “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн зүгээс “Ти Ти Жи Ви Си Өү” ХХК болон “Эрдэнэс-Тавантолгой Майнинг” компанид албан бичиг хүргүүлж, ажил үүргээ хэвийн гүйцэтгэх, уурхай дээр үүссэн нөхцөл байдлыг хэвийн болгохыг шаардсан. Мөн УУХҮ-ийн сайдаас өгсөн чиглэлийн дагуу “Ти Ти Жи Ви Си Өү” ХХК-иас халагдсан ажилтнуудыг ажилд авах, техник дээр нь гарч байсан ажилтнуудыг өөр ажлаар хангах зэргээр уурхайчдынхаа ажлын байрыг хадгалах, ажилтай орлоготой үлдээхэд анхаарч асуудлыг шийдвэрлээд байгаа юм. Ойрын өдрүүдэд яам болон компанийн удирдлагын баг уурхай дээр очиж ажиллана.
“Ти Ти Жи Ви Си Өү” ХК 48 цагийн сул зогсолт хийснийг эс тооцвол уурхайн үйл ажиллагаа хэвийн явагдаж байна. Олборлолт, ачилтын хэмжээ өмнөх долоо хоногоос нэмэгдсэн байна хэмээн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга М.Амарбаяр дурдсан юм.
Тэрбээр “Ажилчид өөрсдөө үйлдвэрчний эвлэл байгуулах, өөрсдийнхөө эрх ашгийг хамгаалахаар нэгдэх эрхтэй. Үйлдвэрчний эвлэлийн үйл ажиллагааг хөндлөнгөөс, компанийн удирдлагын зүгээс оролцох, мөн хориглох, ямар нэгэн байдлаар нөлөөлөх боломжгүй. Үйлдвэрчний эвлэлийн байгууллага, ажилчдын эрхийг хамгаалан, өөрсдийн шаардлагатай гэж үзсэн арга хэмжээнүүдийг авч байна.
Ажилчид “Ти Ти Жи Ви Си Өү” ХК-ийн гаргасан шийдвэртэй холбоотойгоор эсэргүүцлээ илэрхийлж, сүүлдээ улс төрийн нам хүчнүүд, улс төрчид, иргэний хөдөлгөөний байгууллага ажилчдын шаардлагыг улс төрийн зорилгоор ашиглах, ашиглахыг оролдох явдал гарч байгаа.
Уурхай бол улс төрийн байгууллага биш гэдгийг уурхайчид маань, энийг улс төрийн зорилгоор ашиглах гээд байгаа улс төрчид, иргэний хөдөлгөөнүүд ч гэсэн ойлгоосой гэж хүсэж байна. Түүнчлэн “Эрдэнэс таван толгой” компанийг хятадуудад зарчихлаа гэсэн буруу ташаа мэдээллийг зориуд түгээж байна. “Эрдэнэс таван толгой” ХК-ийг хятадуудад зарсан гэх мэдээлэл худлаа гэдгийг хариуцлагатай хэлье.
Компанийн худалдан авалттай холбоотой ташаа мэдээллийг сошиал сүлжээнд цацах явдал гарсаар байна. Тухайлбал, “Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг ганцаараа 15 тэрбум төгрөгийн тендерийн асуудлыг шийдвэрлэж байна” гэсэн утгатай зүйлийг зарим иргэн фэйсбүүк хуудсаараа цацсан. Энэхүү мэдээлэлд дурдагдсан уурхайн ажилчдын хотхоны тендер гэхэд нэгдүгээр сарын 31-нд материал хүлээж авсан. Хоёрдугаар сарын 4-ний өдөр ажлын хэсэг дүгнэлтээ гаргасан байна. Харин уурхайн захиргааны барилгын барилга угсралтын тендерт эхний удаа оролцсон компаниуд бүгд тэнцээгүй тул хоёр дахиа явагдаж, өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 25-нд шийдвэр нь гарсан байна.
Тиймээс цаг хугацааны хувьд ч Гүйцэтгэх захирал ганцаараа шийдэж байна гэдэг худлаа мэдээлэл. Мөн аливаа худалдан авалт төсвийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах хуулийн дагуу явагддаг, ганц хүн биш үнэлгээний хороо энэхүү шалгаруулалтыг хуулийн дагуу хийдэг, үнэлгээний хороонд хөндлөнгийн гишүүд оролцдог гэдгийг мэдэгдэж байна. Хэдийгээр иргэд хардах эрхтэй ч энэ нь гүтгэлэг, худал ташаа мэдээлэл тарааж болно гэсэн үг биш. Тиймээс үнэн бодит мэдээлэл олон нийтэд хүргэж байхыг хүсье.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.