Монгол Улсад коронавирусийн халдвар авсан хүний тоо 32 болж, таван хүн эдгэрч эмнэлгээс гараад байгаа. Харин өчигдөр дахин нэг тохиолдол илэрч нийт тохиолдол 33 боллоо гэж ЭМЯ ээлжит хэвлэлийн бага хурлаараа мэдээллээ.
Коронавирусийн халдвар дэлхийн 213 улс бүс нутгийг хамарч 2.4 сая хүн өвчилжээ. Өвчлөл ОХУ-д ихээр нэмэгдэж, нэг хоногт 6000 гаруй тохиолдол бүртгэгдэж, 24 цагийн дотор 41 хүн нас баржээ. Өвчлөгсдийн 60 хувь нь 45 хүртэлх насны залуус бөгөөд шинж тэмдэг хөнгөн балархай хэлбэрээр байна.
Манай орны хувьд ажиглалтад 1229 хүн байна. Ажиглалтаас дөрвөн хүн гарсан ч эргээд дөрвөн хүн нэмэгдсэн.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Өчигдрийн байдлаар улсын хэмжээнд коронавирусийн халдварын сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. ХӨСҮТ-д эмчлэгдэж буй хүмүүсээс нэг хүн эдгэсэн. Өвчтөнүүдийн биеийн байдал сайжирч байна. Хэд хэдэн хүн уушгины хатгаатай байна. Үүнд эмч нар онцгой анхаарч байна.
ХӨСҮТ-д байсан 17 хүний нэгээс коронавирус илэрч, нийт тохиолдол 33 боллоо. Москвагийн төмөр замын дээд сургуулийн оюутан юм байна" гэлээ.
Эмнэлгийн ажиглалтад буй хавдрын өвчтэй долоон хүнээс шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Эмнэлгийн ажиглалтад байгаа гурван хүнд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлжээ.
Гадаадын улс оронд амьдарч буй Монголын 13 иргэн коронавирусээр өвдсөн байгаа. 17 орноос 98 иргэн утсаар зөвлөгөө авсан. Бүгд 14 хоног өөрсдийгөө тусгаарласан. Швейцарьт буй хоёр иргэний давтан шинжилгээ сөрөг гарсан ч эдгэрсэн. Ирланд-4, ОХУ-3, Швед-2, Швейцарь-2, БНСУ-2 иргэн COVID-19-ийн халдвар авсан нь батлагдсан.
Гэрийн тусгаарлалтаас гарсан тав, эмнэлэгийн тусгаарлалтад таван хүн байна.
Голомтын нарийвчилсан судалгаагаар халдвар авсан хүмүүс асрамж халамжийн төвүүд, эмнэлэг, спорт клуб, баар ресторан, фитнесс, саунаас халдвар авч гэртээ тарааж буй нь тогтоогдсон.
Сүүлийн 24 цагт АНУ-д халдвар 9 хувь, Франц 15 хувь, Итали 13 хувиар нэмэгдсэн. Сүүлийн үед хийгдсэн тархвар зүйн судалгаагаар хавьтлуудыг тусгаарлах нь чухал гэж тооцогдсон. Халдвар авсан тохиолдолд тухайн хүнд шинж тэмдэг эхний долоо хоногт вирус ихээр ялгарч, 8 хоногийн дараа авсан сорьцод амьд хэвээр байсаар байна.
-ОХУ-аас ирсэн, коронавирусийн халдвартай оюутны эхний шинжилгээ сөрөг гарсан гэсэн. Хэд дэхь удаагийн давтан шинжилгээгээр эерэг гарсан юм бэ?
-2020 оны дөрөвдүгээр сарын 12-нд ОХУ-аас оюутнуудаа хүлээн авсан. Гурав дахь удаагийн давтан шинжилгээ хийж байна. Өвчлөл гарсан нэг сургуулийн 24 оюутан, бас нэг сургуулийн 5-6 оюутнуудыг тусгаарлан ажиглаж байна. Шинжилгээг 2-3 хоногийн зайтайгаар 3 удаа авсан.
Вирус ялгарах хугацаа хүн бүрт харилцан адилгүй. Магадгүй тавдугаар сар гартал давтан шинжилгээгээр эерэг гарах магадлалтай. Иймд тусгаарлах хугацааг урт болгосон.
ОХУ-ын эрүүл мэндинй байгууллагаас дараах долоон төрлийн цогц зөвлөмжийг мөрдсөн тохиолдолд коронавирусийн халдварт өртөх магадлал тун бага гэж тодорхойлжээ.
Үүнд:
-Маск зүүх
-Гараа сайтар савандаж угаах
-Агаар сэлгэлт хийх
-Зайнаас харьцах
-Дэлгүүрээс худалдан авалт хийсэн хатуу гадаргуу, хайрцаг, төмөр, пластик эд зүйлийн гадна талыг /гадаргууг/ савантай бүлээн усаар сайтар арчих
-Ногоо жимс зэргийг 10-15 минут бүлээн усанд хийж дэвтээсний дараа дахин зайлж хэрэглэх
-Хоолны ширээ, плитка зэрэг хатуу гадаргууг бүрэн цэвэрлэж, халдваргүйжүүлж байх
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.