Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны мэдээгээр хөнгөлөлттэй зээлд хамрагдсан зарим аж ахуйн нэгж өнөөдрөөс Дорнод аймгийн Хөлөнбуйр, Булган сумаас ноолуур бэлтгэж эхэлжээ.
Тодруулбал, тус аж ахуйн нэгж нэг кг ноолуурыг 105 мянган төгрөгөөр худалдан авч буй юм байна. Дорнод аймаг нь 2.6 сая толгой малтай. Үүнээс 790 мянга нь ямаа аж. Нийтдээ 235.9 тонн ноолуур бэлтгэх боломжтой гэнэ.
Салбарын яам ноолуурын үнийг тогтоохдоо аймаг, бүсийн газар зүйн байршил, цаг агаар, ямааны үүлдэр угсаа зэргийг харгалзан, ялгавартай тогтоосон юм байна. Нэг ёсны чанараас хамаарч ноолуурын үнийг тогтоосон гэж тайлбарлаж буй.
Энэ удаагийн ноолуур бэлтгэх ажилд малчин, сумын Хөдөө аж ахуйн тасаг, арилжааны банкууд хамтран ажиллаж байна. Ноолуур бэлтгэлд зориулсан зээлийн санхүүжилтийг зарцуулахад малчидтай Ноолуур худалдах, худалдан авах гэрээ байгуулж, ноолуур худалдан авсан Санхүүгийн баримтаа үйлдэн, Ноолуур бэлтгэн нийлүүлсэн малчдын жагсаалтыг хөтөлж жагсаалтын дагуу санхүүжилт шууд малчдын данс руу шилжих юм.
Өөрөөр хэлбэл ХХААХҮЯамтай бодлогын гэрээ байгуулсан, банкны шалгуурыг хангаж зээлд хамрагдсан аж ахуйн нэгж нь дээрх баримтуудыг бүрдүүлэн сумын ХААТ-ийн мэргэжилтнээр тулган баталгаажуулж, баталгаажуулсан баримтын бүрдлийг зээлдүүлэгч банкинд хүргэснээр ноолуурын төлбөрийг малчдын дансанд шилжүүлэх зарчмаар ноолуур бэлтгэл явагдах юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.