Урд хөршид өвчлөл гарснаас хойш дөрвөн сарын хугацаанд өвчлөлийн тохиолдол буурч байгаа ч хойд хөрш болох ОХУ-ын бүх мужид халдварын тохиолдол бүртгэгдэж, өвчлөл нэмэгдэж байгааг ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл анхааруулан хэллээ.
ОХУ-д өвчлөл эрчимтэй тархаж, сүүлийн 24 цагийн дотор шинээр 1785 хүн бүртгэгдэж, нийт өвчилсөн хүний тоо 36793, нар барсан 113 тохиолдол бүртгэгдээд байна. Тус улсын Москва хотод өвчлөл эрчимтэй тархаж байна.
Москва хотод өнгөрсөн 24 цагийн хугацаанд 2649 тохиолдол шинээр бүртгэгдсэн. Эдгээр иргэдийн 50 гаруй хувь нь 49 хүртэлх идэр насны залуучууд байна.
Ийм учраас Москва хотын захиргаанаас хөл хориог чангатган дөрөвдүгээр сарын 22-ноос эхлээд зөвшөөрөлгүй метронд суухгүй, автомашины зөвшөөрлийг хяналтын камераар хянахаар болжээ. Эрхүү мужид 57 тохиолдол бүртгэгдсэн. Буриад улсад 115 тохиолдол бүртгэгдсэний хавьтлын судалгааг хийж үзэхэд 2002 хүнд халдвар тараасан байх магадлалтай гэж үзжээ. Тэгэхээр нэг өвчтэй хүн олон хүнд халдвар тарааж болдгийг ОХУ-ын жишээ харуулж байна.
Нэг онцлог зүйл гэвэл Эрхүү мужийн эмнэлэгт 15 нас хүртэлх 10 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаагийн хамгийн бага нь 7 сартай бага насны хүүхэд өвдсөн байна. Энэ бол бага насны хүүхэд өвдөж байгаа дэлхийд дөрөв дэх тохиолдол юм.
Яагаад бага насны хүүхэд Эрхүү, Буриадад өвчлөөд байгааг судлахад гадуур цаг агаар дулаан байгаа учраас бага насны хүүхдийг эцэг, эхчүүд хамаагүй дагуулж явж буйгаас шинж тэмдэггүй нян тээгчдээс өвчлөл авч байна гэдгийг онцлон дурдав.
ОХУ-д шинэ эмчилгээ нэвтрүүлж эхэлсэн. Энэ нь өвчилсөн хүний цуснаас плазмыг нь ялгаж, гурван хүнд өвчтөнд эмчилгээ хийсэн нь маш үр дүнтэй байжээ. Иймээс ковид-19 өвдөөд эдгэрээд гарсан хүмүүсийг сайн дураараа цусаа өгөхийг эмч нар уриалсан байна.
ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин өчигдөр зарлиг гаргаж, Ковид-19 халдварын тархацтай холбоотойгоор визийн хугацаа дуусаж байгаа гадаадын иргэдийн визийг зургаадугаар сарын 15-н хүртэл сунгах шийдвэр гаргасан. ОХУ-ын бүх мужид өвчлөл гарсан тул хил залгаа аймгийн иргэд анхаарал сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.