ХӨСҮТ-д өнөөдрийн байдлаар 800 гаруй эмч, сувилагч, үйлчлэгч, ажилтан ажиллаж байна. Тэдний хувьд коронавирусийн халдвар гарснаас хойш 24 цагийн турш ээлжээр, зарим тохиолдолд амралтгүй ажиллаж байгаа билээ. Өнөөдөр гэхэд ХӨСҮТ 243 иргэнийг хянаж, эмчилгээ хийж байгаа ч эмч, ажиллагсдын цалин хөлсийг бүрэн гүйцэд бодож өгөхгүй байна гэх хэл ам гарсан талаар ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү дараах тайлбарыг өгсөн юм.
Халдвар гарахаас өмнө нь ХӨСҮТ-ийн эмч нар дунджаар 1.5 сая төгрөгийн цалин авдаг байсан бол өнөөдрийн байдлаар илүү цаг, нэмэгдэл зэргийг бодоод дунджаар 4.5 сая төгрөгийн цалин авч байна.
Сувилагч нарын хувьд үндсэн цалингаасаа хоёр дахин илүү цалин авч байгаа. Үйлчлэгч, ажилтан нарын хувьд халдварын нэмэгдэл цалин олгогдож байна.
2009 онд SARS гарах үед эмч, сувилагч нарын илүү цаг, нэмэлт цалинг сүүлд нь 10 дугаар сард өгч байсан. Тэгвэл энэ удаад цаг тухай бүрд нь цалин, урамшууллыг нь олгож байгаа. Тэр нь дутуу авсан гэж хүний өмнөөс хоосон яриа гаргамааргүй байна. Манай эмч, сувилагч, ажилтан нарын цалин дутуу олгогдсон бол удирдлагууддаа шууд хэлж чаддаг хүмүүс.
“Голом” банк болон Франц улсын хөрөнгө оруулалттай компаниас тус бүр өгсөн 100 сая төгрөгийг нийт ажилтнууддаа тэнцүү хувааж өгсөн. Сүүлд УОК-ийн шийдвэрээр 500 мянгаас нэг сая төгрөг хүртэлх урамшуулал олгохоор болсон.
Ард иргэддээ нэг зүйлийг захиж хэлмээр байн. Эмч нар маань өнөөдрийг хүртэл маш сайн зохион байгуулалттай ажиллаж байгаа. Коронавирус халдвараас гадна бусад өвчин халдвартай бүгд адилхан ажил үүргийнхээ дагуу тэмцэж, чухал үүрэг гүйцэтгэж байгаа нэгэндээ хүртэл хүндэтгэлтэй хандаж, гомдлохгүй байгаа. Хүний өмнөөс ийм зүйл ярих нь уг зохион байгуулалтыг сулруулна гэсэн үг. Иймд энэ салбарт ажиллаж байгаа эмч нарыг доромжлох, харлуулахгүй байхыг хүсэж байна” гэсэн юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.