Коронавирусийн халдварын шинэ тохиолдол Сингапур улсад нэг хоногийн дотор 728 илэрсэн нь тус улсад бүртгэсэн хамгийн өндөр тоо юм. Ингэснээр нийт 4,500 орчим иргэн тус улсад Ковид-19-өөр халдварлажээ.
Шинээр бүртгэгдсэн халдварын 90 орчим хувь нь гаднаас ирсэн цагаачид, олноороо нийтийн байранд амьдардаг хөлсний ажилчид байгаа ажээ. Сингапурт ойрын долоо хоногуудад коронавирусийн халдварын тохиолдол тасралтгүй өсөн нэмэгдсээр байна.
Өмнөд Азийн улс орнуудаас 300,000 орчим хүн тогтмол цагаачлан ирж барилга дээр ажилладаг байна. Тэднийг нэг дор олноор нь нийтийн байранд амьдруулдаг тул ариун цэврийн орчин тааруу, хоорондоо зай барих боломжгүй тул халдвар хурдан тархсан гэж үзжээ.
Ирэх өдрүүдэд халдварын шинжилгээг хурдацтайгаар өргөн хүрээнд явуулах тул цаашид коронавирусийн халдварын тохиолдол үргэлжлүүлэн өснө гэдгийг эрх баригчид анхааруулж байна. Тиймээс тэдгээр хөлсний ажилчдыг аюулгүй газарт нэн даруй шилжүүлж, тусгаарлах шаардлагатай болжээ.
Эх сурвалж: BBC
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.