СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Ярилцлага | 2020-04-17

Б.Сайнбаяр: Үндэсний бөх Монголын соёлын өвийн гол тээгч мөн

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

Монголын Үндэсний бөхийн холбоо байгуулагдсаны 30 жилийн ой тохиож байна. Үндэсний бөхийн холбооны гүйцэтгэх захирал, Өвөрхангай аймгийн Баянгол сумын харьяат, Монгол Улсын заан, Олон улсын олимпын хорооны “Шударга өрсөлдөгч” шагналт, бөхийн чөлөөт барилдааны Олон улсын хэмжээний мастер Б.Сайнбаяртай тус холбооны өөрчлөлт шинэчлэлт, ирээдүйн хөгжлийн гарц шийдлийг нь сонирхон ярилцлаа.

-Монголын Үндэсний бөхийн холбоо байгуулагдсаны 30 жилийн ой тохиож байна. Өнгөрсөн 30 жилийн ололт, амжилт, алдаа дутагдал, цаашдын ирээдүйн хөгжил, дэвшил, өөрчлөлт юу байх вэ?

-Энэ дөрөвдүгээр сард Монголын Үндэсний бөхийн холбооны 30 жилийн ой тохиож байна. Нийт бөхчүүд, үзэгчид, бөх сонирхогчид, бөхийн зүтгэлтэн, ахмад бөхчүүд, хамтарч ажилладаг пүүс, компани, бөхийн спортын дэмжигчид, Монголын эрхэм өв соёлыг хамтдаа тээж яваа ард түмэндээ МҮБХ-ны 30 жилийн ойн баярын мэнд хүргэе.

Өнгөрсөн 30 жилийн хугацаанд бөхийн хөгжилд алдаа, оноо, амжилт дүүрэн байлаа. Бөхчүүдийн амжилт, өрсөлдөөн, нийгмийн асуудал дүүрэн он жилүүд өрнөж байна. Үндэсний бөхийн холбоо байгуулагдсанаар бөхийн хөгжилд олон томоохон өөрчлөлт, шинэчлэлт хийгдсээр ирсэн. Тухайлбал, бөхийн спортоор хичээллэгчдийн тоо өссөн, холбооны дүрэмтэй болсон, бөхийн бай шагнал, урамшуулал нэмэгдсэн дэвшил гарлаа. Сүүлийн үед холбооны зүгээс техник, технологийн дэвшлийг барилдаанд амжилттай нэвтрүүлж, ашиглаж байна. Бөхчүүдийн өрсөлдөөн жил ирэх тутам нэмэгдэж байна.

Бахархалтай нэгэн амжилт гэвэл үндэсний бөхөөр барилддаг бөх жүдо бөхийн төрлөөр олимпын аварга болсон юм. Монгол хүн бүр байгалиас заяасан төрмөл барилдах авьяастай байдаг. Өнгөрсөн он жилүүдэд алдаанаасаа ололт амжилт нь их байлаа. Гэхдээ бид бас алдаагаа хүлээн зөвшөөрөх ёстой. Бөх сонирхогчдын итгэл, сэтгэл ханамжийг бууруулсан, хүлээлт үүсгэсэн тал бий. Холбооны зүгээс бөхийн барилдааныг сонирхолтой болгох үзэгчдийн хүсэл, хүлээлтийг давуулахын тулд олон арга хэмжээ төлөвлөн ажиллах шаардлагатай байгаа. Бөх сонирхогч, үзэгч, дэмжигчдийн тоог аажмаар нэмэх нь бөхийн галбир, уран барилдаан, шударга өрсөлдөөн бий болгох тал дээр цогц арга хэмжээ, төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Үүнийг дагасан хөгжлийн бодлого явагдана.

-Сүүлийн үед хийж хэрэгжүүлсэн ажлуудаасаа тоймловол ?

-Үндэсний бөх нь Монголчуудын соёлын өв, уламжлал, үнэт зүйл, оюуны дархлаа нь болдог. Ирээдүй залуу хойч үед бид үүнийг уламжлуулах үүрэгтэй. Монголын Үндэсний бөхийн холбоо өнгөрсөн хоёр жилийн хугацаанд зүгээр суугаагүй. Цаг үе, нийгмийн олон сорилт бэрхшээлтэй тулгарсан. Шинэчлэлт өөрчлөлт хийхэд олон саад бэрхшээлтэй тулгарч байна.

Эдгээр сорилт бэрхшээлийг шинэ санаа, шинэ бодлого, шинэ үзэл баримтлал дээр тулгуурлан цаашид даван туулах болно. Өнгөрсөн хугацаанд бидний хийж, хэрэгжүүлсэн ажил олон бий. Цаашид хэрэгжүүлэх ажлын эхлэл суурийг бид зөв тавигдсан гэж үзэж байгаа. Түрүү жилийн хавраас эхлээд барилдааны тасалбарыг онлайнаар захиалж худалдан авдаг системийг амжилттай нэвтрүүлсэн. Үзэгчид дуртай суудлаа захиалан авч болдог боломжтой боллоо. 1100 орчим худалдаалагддаг байсан тасалбарын тоог 1600-д хүргэж чадсан. Мөн бид энэ хөрс суурин дээр шинэлэг санаа, оновчтой төлөвлөлтийг улам төгөлдөржүүлэх бодлого барьж, бөхчүүд болон үзэгчдийн санал хүсэлтийг бодлогын түвшиндээ авч хэрэгжүүлж байна.

Барилдааныг цахимаар болон телевизороор үнэн зөвөөр шүүж, маргаантай барилдааныг аль болох гаргахгүй байх тал дээр анхаарал хандуулан ажиллаж эхэлсэн. www.devjee.mn, SРS телевизтэй хамтарч олон ажлуудыг хийж хэрэгжүүлж байгаа. Бөхийн оноолтыг програмичилж шуурхай болгосон. Бөхийн найрааг арилгахын төлөө ажиллаж байна. Барилдаан бүрийг хариуцлагатай болгоход анхаарч, сахилга бат, хариуцлага алдсан тохиолдолд торгуулийн арга хэмжээг хөшүүрэг болгон ашиглаж бөхийн хариуцлагыг дээшлүүлнэ. Сунжирсан удаан барилдааныг өөрчлөх гарц, гаргалгааг хайж, судалж, анализ, дүгнэлт, судалгаа хийж байна. Бөхийн холбооны дүрмийг улам боловсронгуй болгох тал дээр анхаарч байгаа. Энэ бүх ажлын суурийг өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хэрэгжүүлж ирлээ.

-Үндэсний бөхийн холбоо хэдэн аймагт салбар холбоотой вэ?

-Үндэсний бөхийн холбооны салбар 21 аймагт салбартай. Салбаруудын хувьд ажлын чанар, үр өгөөж нь харилцан адилгүй байна. Бид 21 аймаг руу судалгааны бичиг баримтыг явуулж эхлээд байна. Зарим аймгуудын Үндэсний бөхийн салбар хороодод хараахан хүрээгүй байгаа судалгааны бичиг баримтыг Монголын Үндэсний бөхийн холбооны “Их Эе” хуралдахаас өмнө амжиж хүргүүлнэ.

Манай холбооны гишүүнчлэлтэй хүн хариуцлагатай байх ёстой. Дан ганц бөхчүүд гэлтгүй, бөхийн хүрээнийхэн, бөх сонирхогчид, засуул, цэц, ахмад бөхчүүдэд ч энэ хамааралтай. Үндэсний бөхөөр өнөөдрийн байдлаар 21 аймаг, 330 суманд 20 гаруй мянган бөх Улсын наадмаар барилддаг. 

-Үндэсний бөхийн цол, барьц, барилдааны дүрэмд өөрчлөлт шинэчлэлт хийх үү?

-Аливаа спортын хөгжил нь цаг үеэ даган өөрчлөгдөж байдаг. Үүнтэй уялдан үндэсний бөх хөгжих ёстой. Гэхдээ уламжлал, үнэт зүйл, дархлаагаа алдахгүйгээр шинэчлэгдэх нь зайлшгүй. Бид өв уламжлал, ёс заншлаа алдагдуулж болохгүй гэдгийг ухамсарлан ойлгож байгаа. Энэ бүхнийг харин улам боловсронгуй болгон хөгжүүлэх болно. Монголын Үндэсний бөхийн холбооны алсын хараа, бодлого төлөвлөлт, зорилго, зорилт үүнд чиглэж байгаа. Бид урт хугацааны хөгжлийн төлөвлөгөө, бодлогын бичиг баримт боловсруулж байна.

МҮБХ-ны алсын хараа, бодлогын бичиг баримттай болох нь ирээдүйд хаана хүрэх хөгжлийн замаа тодорхой болгож байгаа юм. Энэ бүхнийг хэрэгжүүлэх нь дан ганц холбооны ажил байгаагүй. Бөхчүүд, үзэгч, дэмжигчид, бөхийн зүтгэлтнүүдийн хамтын оролцоо шингэсэн бодлогын бичиг баримт, хамтын ажил болно. Энэ бодлогын баримт бичгийг боловсруулахад мэргэжлийн баг ажиллаж байна. Мөн үндэсний бөхчүүдээс гадна гадаад улс оронд өндөр боловсрол эзэмшсэн жүдо, чөлөөт бөхийн тамирчид, спортын мэргэжилтнүүдийн хүчин зүтгэл ч шингэсэн.

Үндэсний бөхчүүд Монголын олон мянган жилийн соёлын өвийг тээгчид, цааш нь түгээгч, дамжуулагчид учраас алсын хараатай бодлогын баримт бичгийг гаргах зайлшгүй шаардлага урган гарсан. Бөхчүүдийн ёс зүй, хүмүүжил, мэдлэг боловсрол, нийгмийн асуудлыг цогцоор нь авч үзэн ажиллаж байна. Үзэгчид уран гоё, хурдан шуурхай, шударга барилдаан хүсдэг. Бөхчүүд үзэгч, ард түмнээ хүндэтгэсэн, дүрэм журмаа ягштал баримтлах нь бөхчүүд бидний эрхэм зорилго юм.

-Та саяхан олон улсын Ethnosport-н их хуралд оролцоод иржээ. Хурлын үр дүнгийн талаар ярилцлагаа үргэлжлүүлье.

-Турк Улсад болсон Олон улсын нүүдэлчдийн Ethnosport III их хуралд урилгаар оролцоод ирлээ. Гурван өдрийн турш үргэлжилсэн уг хуралд миний бие Монголын үндэсний бөхийн түүх, уламжлал, хөгжлийн талаар илтгэл тавьсан. Нүүдэлчдийн их наадам хоёр жилд нэг удаа зохион байгуулагддаг. Тус наадамд дэлхийн 55 орны 200 гаруй төлөөлөгч оролцсон. Хурал, зөвлөгөөнд голдуу төрийн удирдах, өндөр албан тушаалтан, дарга, сайдууд оролцдог юм байна.

Наадмын хүрээнд гурван том хэлэлцүүлэг зохион байгуулагдсан. Эхнийх нь төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа сэдэвтэй. Хоёр дахь хэлэлцүүлэг нь залуучууд ба үндэсний спорт, гурав дахь хэлэлцүүлэг нь үндэсний спортын тулгамдсан асуудал сэдвээр явагдсан. Би төр хувийн хэвшил сэдэвт хэлэлцүүлэгт нь илтгэл тавьсан. Манай улсын үндэсний бөх долоон мянган жилийн түүхтэй үндэсний өв соёл.

2003 онд Монголчууд Үндэсний баяр наадмын тухай хуультай болсон. Энэ хуульд үндэсний бөх, үндэсний сур, үндэсний морин уралдааны зохион байгуулан явуулах талаар хуульчлан зааж өгсөн. Бөхийн барилдаан, сур харваа, морин уралдаанаар төрт ёсны баяр наадам явуулдаг. Үндэсний баяр наадмын үеэр төр, хувийн хэвшил хоёр хамтарч маш сайн ажиллаж чаддаг уламжлалтай. МҮБХ-ны салбар хороод Монголын 21 аймаг, 330 суманд байдаг. Манай улсад сумын наадамд 64 бөх, аймгийн наадамд 256, улсын баяр наадамд 512 бөх барилддаг. Онцгой ойн баяр наадмын үеэр 1024 бөх барилддаг.

юм. Бид цаашид үндэсний спортоо улам боловсронгуй болгон хөгжүүлэх дээр анхаарч байгаа. Унгар, Латви, Эстон, Болгар, Беларусь зэрэг улсын төлөөлөгчид маш их дэмжиж сонирхон хүлээж авсан. Хуралд оролцогчид Монгол бол бөхийн орон гэж манай Үндэсний бөхийн холбооны үйл ажиллагааг сайшаан баяр хүргэсэн. Үндэсний хэмжээг хамарсан баяр цэнгэл, наадмыг төр засагтайгаа хамтарч зохион байгуулдаг нь гайхамшигтай гээд талархал илэрхийлж байсан.

-Үндэсний бөхийн дэлхийн холбоог байгуулах цаг болсон юм биш үү?

-Би олон улсын нүүдэлчдийн их наадамд оролцохдоо бид үндэсний спортоо зөвхөн дотооддоо хөгжүүлэхээс гадна гадагшаа сурталчилж, түгээн дэлгэрүүлж, сурталчлах цаг болжээ гэдгийг ойлгосон. Үндэсний бөхийг гадагшаа дэлхий дахинд экспортлон хөгжүүлэн, дэлгэрүүлэх, хөгжлийг нь шинэ шатанд гаргах цаг нь иржээ. Үүгээр дамжуулан бид Монгол Улсаа сурталчлах, бөхчүүдээ дэлхий дахинд танилцуулах, гадаад харилцаагаа өргөтгөх боломжтой юм. Иймд бид үндэсний бөхөө дэлхийн олон улс оронд хөгжүүлэх бодлогыг шат дараатай авч хэрэгжүүлнэ. 

Н.Отгонбаатар

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

jjjj
4 жилийн өмнө
202.21.124.18

bunch of shitsacks

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.