Испани, Италийн эмч мэргэжилтнүүд хөл болоод хөлийн хуруу, тавхайн дээр гарч буй салхин цэцэг, улаан бурхантай төстэй улаан ягаан өнгийн гэмтэл, тууралтыг коронавирусээр халдварласны шинж тэмдэг байж болзошгүй хэмээн сэрэмжлүүлж байна.
Учир нь Итали, Испани болоод Франц улсуудад Ковид-19-өөр халдварласан хүүхдүүд, өсвөр үеийнхний арьсан дээр үрэвсэлт өвчин, бараан өнгийн хөхрөлт илэрсэн байна. Тухайлбал Итали улсад коронавирусийн халдвар авсан 13 настай хүүг эмнэлэгт очсоны дараа бие дээр нь үүссэн үрэвсэлт шархыг аалзанд хазуулсан гэж үзэж байжээ. Гуравдугаар сарын 8-ны өдөр арьсан дээрх үрэвслээ үзүүлэхээр эмнэлэгт очсоноос хойш хоёр хоногийн дараа халуурах, булчин өвдөх, толгой өвдөх, арьсан дээрх үрэвсэл нь загатнах, халуу шатах зэрэг шинж тэмдэг илэрчээ.
Сар гаруйн өмнө Итали улсад коронавирус гамшгийн түвшинд хүрээгүй байсан учир эмч нар шинжилгээ аваагүй байна. Гэвч удалгүй буюу гуравдугаар сарын 29-ний өдөр Итали улсад анхны Ковид-19-ийн тохиолдол илэрч, шинж тэмдэг илэрсэн хүүхдүүдийн арьсан дээр үрэвсэл илрэх болжээ. Тус улсын эмч мэргэжилтнүүдийн судалснаар коронавирусээр халдварласан таван өвчтөн тутмын нэгт нь арьсны үрэвсэл илэрчээ.
Итали улсын Бари хотын хүүхдийн арьсны эмч Мацота Троколи “хэрэв лабораторийн мэдээлэл дээр үндэслэн ажиглалтаа сайжруулбал коронавирусээр өвчилсөн ч шинж тэмдэг бага илэрч байгаа хүүхэд, өсвөр насныханд арьсны үрэвсэл илэрч буйг батлах боломжтой. Ковид-19 ихэвчлэн уушгины үрэвсэл, ханиалгах, халуурах амьсгалахад хэцүү болох зэргээр илэрч байсан бол сүүлийн үед суулгах, төмсөг өвдөх, амталж үнэрлэх мэдрэмжээ алдах зэрэг шинэ шинж тэмдгүүд илрэх болсон” хэмээн ярьжээ.
Үүний зэрэгцээ Испанийн тавхай, түүнтэй холбоотой өвчний талаарх коллежийн 7,500 гишүүнтэй ерөнхий зөвлөл Ковид-19-ийн мэдээлэл дээр үндэслэн хөлөн дээр туурах, үрэвсэл үүсэх зэрэг нь коронавирусийн шинэ шинж тэмдэг байж болзошгүй гэдгийг анхааруулсан байна.
Эх сурвалж: Metro
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.