Онцгой байдлын ерөнхий газрын Шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Цагдаагийн Ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан “Шуурхай штабаас иргэдийг амны хаалтаа зүүх, гадуур сэлгүүцэхгүй байх, бага насны хүүхдээ гадуур гаргахгүй байх зөвлөмжийг өгч байгаа. Амны хаалт зүүгээгүй иргэдийг яг ямар хууль дүрмийн хүрээнд торгох вэ хэмээн иргэдээс асуусан. Гамшгаас хамгаалах тухай хуульд иргэдийн хүлээх үүргийг тодорхой заасан байдаг. Уг хуулийг зөрчвөл Зөрчлийн тухай хуулийн 5.13.2-т зааснаар 100 мянган төгрөгөөр торгох зохицуулалт байдаг.
Иймээс амны хаалтаа зүүгээгүй иргэдийг цагдаа болон олон нийтийн цагдаа, мэргэжлийн хяналтын байцаагч нар 100 мянган төгрөгөөр торгох эрхтэй гэж ойлгох хэрэгтэй.
Түүнчлэн тусгаарлалтаас гарч байгаа иргэд 14 хоног гэртээ тусгаарлагдаж байгаа. Эдгээр иргэдийг хэрхэн монгол гэрт, хашаа байшинд, нэг болон түүнээс дээш өрөөтэй орон сууцанд хэрхэн тусгаарлан байлгах журмыг нарийн гаргав. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 7, орон нутагт 4 иргэний хаягийг тодруулахаар ажиллаж байна. Баян-Өлгий аймагт 2, Завхан аймагт 2, Улаанбаатар хотод 2 иргэн тусгаарлалтын байрнаас гараад гэртээ байх хаягаа бичиж өгсөн хаягаасаа өөр газарт байсан зөрчил гарсан. Үүнийг шалган хаягт нь шилжүүлэн хянаж эхэлсэн.
Өнөөдрөөс тусгаарлалтаас гарч байгаа иргэдийн нэрс, байрлах газрын хаягийг тодорхойлж 48 цагийн өмнө нь харьяа хороонд хүргүүлж, тухайн иргэн уг хаяг дээрээ байх эсэхийг хаягжуулж хянахаар болж байна. Улаанбаатарт 597 иргэн гэртээ хянагдаж байгаагаас 239 иргэн нь хаягаа өөрчилж өөр газар шилжин хянагдаж байна. Иргэдийн хувьд өөрийгөө хянах дэглэм сайн байгаа.
Түүнчлэн нийслэлийн хороодын хэсгийн ахлагч нар олон нийтийн цагдаагийн үүрэг гүйцэтгэж иргэдэд хяналт тавьж эхэлсэн. Иргэд маань тавьсан шаардлагыг биелүүлж ажиллахыг хүсэж байна.
Түүнчлэн Замын-Үүдэд нэг иргэн тусгаарлагдаж байхдаа оргосон талаар мэдээлэл гарсан. Энэ талаар тэрбээр "Тэр иргэн 14 хоног Хятадад тусгаарлалтад байж байгаад Замын-Үүдэд ирээд 14 хоногийн тусгаарлалтанд байж байхдаа тийм зөрчил гаргасан. Тэр иргэнийг барьж, тусгаарлалтын байранд нь хүргэсэн" гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.