УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдөр/2020.04.15/-ийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Б.Батзоригийн бүрэн эрхээсээ чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэн дэмжсэн. Уг асуудлыг өнөөдөр /2020.04.16/ УИХ-ын чуулганаар хэлэлцэж шийдвэрлэх юм.
УИХ-ын гишүүн Б.Батзоригийг ХХААХҮ-ийн сайдаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалаа ашиглаж ЖДҮХС-аас өөрийн хамаарал бүхий этгээдүүддээ зээл олгосон гэх үндэслэлээр буруутгаад буй. Түүний хамт УИХ-ын гишүүн Б.Ундармаа, Д.Дамба-Очир, Г.Солтан, Л.Энхболд нарыг ч яллагдагчаар татах хүсэлтийг прокуророос хоёр удаа гаргаад байгаа юм.
Харин Б.Батзориг гишүүний хувьд ХХААХҮ-ийн салбарыг хариуцаж байсны хувьд ёс зүйн хариуцлага хүлээх нь зөв гэж үзээд чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан байдаг.
Түүний чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн хэлсэн үг олны анхаарлыг ихээхэн татаж байна.
“76-аасаа нэг нь яваад 75. Бас нэг нь явсан 74, өнөөдөр нэг нь яваад 73 болох нь. Ямар хэцүү юм бэ. Би Б.Батзориг гишүүнийг өргөдлөө өгөөд явах ёстой гэж бодохгүй байгаа юм. Яагаад гэвэл танай намын даалгаврыг биелүүлсэн. Танай намынхан энэ хүнээр муугаар хэлэх юм бол бохир бариулсан. Өөрөөр хэлэх юм бол ЖДҮХС-ийн зээлийг УИХ-ын 49 гишүүн тэр дундаа өөрсдийгөө шударга гэдэг нөхөд авсан. АТГ дээр өнөөдөр хуулийг сонголттой хэрэглэж байгаа учраас ноолоход амар гэдгээр нь Б.Батзоригийг л оролдож байна. Жинхэнэ удирдсан, жинхэнэ авсан хүмүүсээ шийдээгүй...” гэсэн юм.
Харин УИХ-ын гишүүн Б.Батзоригийн хувьд чөлөөлөгдөх хүсэлт гаргасныхаа дараа “...одоо цаг нь биш. Сэтгэлээ онгойтол ярих өдөр ирэх биз...”гэх агуулгатай зүйл ч ярьсан байдаг.
Энэ бүхнээс харвал эрх баригч намынхан Б.Батзоригийг чөлөөлснөөр, ЖДҮХС-тай нэр холбогдсон хүмүүст хариуцлага тооцсон нэр зүүж, бусдыг нь хаацайлж өнгөрөх гэж байна уу гэх хардлага төрж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.