Нийслэлийн төвийн гол дүүргийн нэг нь Баянгол. Мэдээж хотын төвийн газар нутаг учраас бизнесийн чиглэлийн ихэнх үйл ажиллагаа энд өрнөдөг. Бизнесийн хууль л даа. Газар нутгийн байршлаас хамаарч томоохон ресторан, худалдааны төвөө нээдэг нь. Үүгээрээ юу хэлэх гээд байна вэ гэхээр, Баянголоос УИХ-д сонгогддог гишүүдэд бусдаасаа давуу аз бий гэсэн үг. Ийм азтай гишүүд бол өнөөгийн парламентын дөрвөн суудалд тухлагч С.Эрдэнэ, Ж.Ганбаатар, Д.Лүндээжанцан, А.Ундраа нар.
Яагаад энэ дөрвөн түшээ бусдаасаа арай илүү азтай вэ гэхээр бизнесийнхний гол үзүүлэлт болсон хотын төв дэх бүсээс нэр дэвшиж чадсанаараа азтай. Ингэснээр шавар бурхан шиг дөрвөн гишүүний сонгогдсон тойрогтоо хийж, хэрэгжүүлэх ёстой, бүтээн байгуулах олон ажлыг бизнесийн салбарт хөрөнгө оруулагчид нуруундаа үүрчихэж байгаа юм.
Тухайлбал, Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлин хийд, “Өргөө” кино театр, “Улаанбаатар” палас, МҮОНРТ, UBS телевиз, Төмөр замын дуу бүжгийн чуулга, МҮЭСТО, “Рамада” зочид буудал, “Макс” худалдааны төв, “Гурвалжин” зах хамаардаг. Уншигч танд одоо ойлгогдож байгаа биз. Энэ бол нийслэлийн аялал жуулчлалын маршрут. Иргэдийн худалдаа арилжаа хийх, үзвэр үйлчилгээ авах гол бүс мөн байгаа биз.
Тэгэхээр олны эргэх урсгалын дагуу хар аяндаа хөгжиж, ганц нэг барилга байгууламж сүндэрлэх бол өөрийн зарчмаар, бизнесийн хуулиар нэмэгддэг дүүрэг гэсэн үг. Харин энэ дүүрэгт төрийн түшээдийн хийвэл зохих бүс нэг л бий. Тэр нь гэр хорооллын орчин. Энд 59536 өрхийн 30 гаруй хувь нь бий. Гэр хорооллоо байшин хороолол болгоё гэж зорих нь бүү хэл харанхуй гудамжинд гэрэл асаах сэтгэлгүй дөрвөн гишүүн өнгөрсөн хугацаанд Баянгол дүүргээс УИХ-д суув. Хөгжил цэцэглэлт нь жамаараа яваа тус дүүргийн нүүрэн хэсэгт харагдах өндөр өндөр ресторан, худалдааны төвийн үзэмжээр нүүрээ тахалж, нэрээ гоёв. Ингэж болох уу.
ЦАХИМ НОМЫН САНГААС ӨӨР ХИЙСЭН АЖИЛГҮЙ А.УНДРАА
Өдгөө тус дүүргээс А.Ундраа гишүүний хийсэн ажил энэ гээд нэрлэчих бүтээн байгуулалт бий бил үү. Аан тийм, өнгөрсөн хугацаанд 73 дугаар сургуульд цахим номын сан байгууллаа гэснээс өөр ажлын чимээ сонсогдоогүй ээ. Энэ тухай нь дэлгэрүүлэхээс ч ичмээр ажил л даа. Орчин үеийн цахим хэрэглээг тун овжин ашигласан, нэр төдий л сурталчилгаа болсныг тэд өөрсдөө ч сайн мэдэж байгаа. Ном гэх үнэт зүйлээр ажил хийсэн болж харагдах гэж шоудчихаж байгаа юм. Үүнээс өөр нэрлэх ажил харамсалтай нь алга.
АМЬ НАСНЫ ҮНЭТЭЙ УЛ БООВ ТАРААГЧ Ж.ГАНБААТАР
УИХ-ын 2016 оны сонгуулиар хамгийн өндөр үнэтэй сурталчилгаа хийснийхээ ачаар парламентад суусан эрхэм бол Ж.Ганбаатар. УИХ-ын гишүүн болсны дараахнаас эхлэн “Оргил” дэлгүүрийнхээ хэд хэдэн салбарыг нээсэн овжин, овсгоотой эрхэм. Ёстой л суусан газраасаа шороо атгадаг, ясны бизнесмэн. Тиймдээ ч нийслэлийн хөлийн газрыг анддаггүй нэгэн. Түүнийг гишүүн болснооосоо хойш хадгаламжаа огцом өсгөж чадсан сүйхээтэй гишүүнээр тодруулсан. Тодруулах нь ч аргагүй.
Тэрбээр УИХ-ын бүрэн эрхт гишүүн болсноосоо хойш хадгаламжаа есөн тэрбум төгрөгөөр өсгөж чаджээ. Энэ бол амжилт. Ингэж өсгөхийн тулд л багахан мөнгийг сурталчилгаанд хаяад түшээгийн суудалд заларч чаджээ. Жилийн тэрбум гаруй төгрөгийн орлоготой Ж.Ганбаатарын халаасанд “Моннидер”, “Голденсвит”, “Нордлайн”, “Камдер”, “Сээкл” компанийн хувьцаа бий. Эрхэм бизнесмэний тойрогтоо хийсэн ажлыг тоймлоё гэвэл эмгэнэлтэй баримтууд л хөвөрнө. Хувьсгалын үйл хэрэг гэхээсээ илүү хувийн бизнесээ тордож, хүрээг нь тэлэх сонирхолтой гишүүн өнгөрөгч нэгдүгээр сарын эхээр дүүргийнхээ ахмадуудыг цуглуулсан нь хүний амь нас эрсдэх нөхцөлийг үүсгэсэн юм.
Тэрбум тэрбумаар хөрөнгө нь өсөж байдаг гишүүн тойргийнхоо иргэдэд ул боов, өөрийнхөө зурагтай цаг тооны бичиг, чихэр, жимс зэргийг тарааж баахан ахмадыг бөөгнүүлсэн юм. Тэрбээр “Улаанбаатар” паласын танхимд настай буурлуудаа цуглуулж, өөрийн сурталчилгааг хийж олон цаг суулгасны эцэст цагаан сарын бэлэг хэмээн улаан торонд хийсэн сувинер, хоёр килограмм гурил, нэг килограмм чихэр, нэг килограмм будаа тараасан бөгөөд энэ үеэр 83 настай иргэн олны хөлд гишгэгдэн амиа алдсан харамсалтай хэрэг гарсныг бид мартаагүй ээ. Ингээд талийгаачийн ар гэрээс уучлалт гуйх нь бүү хэл тухайн мэдээллийг дэвэргэхийг хүсээгүй нь ямархан улстөрч болохыг нь гэрчилнэ.
“Би Баянголыг жишиг дүүрэг болгоно” гэсээр өөрийн сурталчилгаа бүхий сэтгүүл тараасан хэргээр дэлхий нийтийг айлгаад буй коронавирусийн халдварын үеийн хөл хориог тоогоогүй тэрбээр гишүүн болсоор нэг их том ажил хийсэн гэдгээрээ бахархдаг. Тэр нь 600 сая төгрөгийн өртгөөр баригдсан нэг км авто замын бүтээн байгуулалт. Тодруулбал, Баянгол дүүргийн IX, X хорооны нэг км шороон замыг хувиасаа барьсан нь түүний өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд тойрогтоо хийсэн хамгийн том ажил.
Яг энэ үед АНыг дотроос нь биш гаднаас нь харах юутай гаслантай байна гээч. Яг л Манжийн үеийн монголчуудын амьдралыг орчин цагийн баатрууд болгож хувиргаад холливуд кино гараашиндаа уран зөгнөлт драмм бүтээж буй мэт эмгэнэлтэй. Баянголд бугшсан идээ бээрийг шахах шандастай аавын хүү төрөх л байх даа.
ХӨДӨЛГҮҮР Ч БИШ, ЗҮТГҮҮР Ч БИШ ЛҮНДЭЭ
Түүний хийдэг, хийсээр ирсэн хамгийн том ажил нь иргэдтэй хийсэн уулзалт. Монголын парламентын хамгийн ахмад зүтгэлтэн түүний гараас том том бүтээн байгуулалт, ажлын байр, иргэдийн амьдралыг өөрчлөх бодлого нэхээд энэ цагт л лав хэрэггүй биз ээ. Тэрбээр монголын төрд 1990 оноос тасралтгүй дэвшин томилогджээ. Тодруулбал, 30 жил төрийн түшээгээр сонгогджээ. Мөн ч том хувь заяанд төрсөн байгаа юм шүү. Харамсалтай нь Лүндээ гишүүн энэ хугацаанд Монголын төрийн байгуулалтад хөдөлгүүр ч биш, зүтгүүр ч биш явсаар өнөөдрийг хүрэв. Түүний тойрогтоо хийсэн ажил гэвэл, УИХ-ын гишүүн А.Ундраа, Ж.Ганбаатар нарынхаа хамтаар Баянгол дүүргийн иргэдэд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг танилцуулж, санал бодлыг нь сонссон л ажил байна.
ЗҮҮДЭНД ОРДОГ МАФ БУЮУ “ЭРДЭНЭ ЗАСГИЙН УНАГАНУУД"
Төрийн албыг яаж МАНАН туулж, хэрхэн мафижуулдгийг С.Эрдэнэ Баянгол дүүрэг дээр яруу тод харуулсан түшээ. Түүний ургийн барилдлагатай улс төр, төрлийн холбоотой төрийн алба энэ дүүргийн өөрөө удирдах ёсны байгууллагаас эхлээд төр захиргааны нэгжийн бүхий л шатанд бий. Тийм ч учраас Баянголыг Вангийн нутаг гэх нь бий. Учир нь “Улс төрд Эрдэнэ л биш бол хэнийг ч энэ тойргийн сонгогчид сонгодоггүй” гэх афоризмыг бий болгочихсон. Хэн гэж үү, С.Эрдэнэ гэх эзэнт гүрнийг байгуулалцаж буй долоогчид нь.
Даргынхаа ил гар гэсэн газарт ил гарч, далд ор гэсэн газарт нь далд ордог бүлэг долоогчид нь яагаад ч юм нийгмийг сэтгэлзүйгээр нь хар даруулах тактик боловсруулаад түүнийгээ сонгуультай, сонгуульгүй жилээс үл хамаарч сэвдэг нь “Эрдэнэ Засгийн унаганууд”. Тэд л С.Эрдэнийг мафи хэмээн итгэн үнэмшүүлэх аргыг сэдэж, С.Эрдэнэтэй түнжин хагарах нь бүү хэл нэрийг нь чангахан дуудвал “бөлдөгдүүлнэ” шүү гэх пиарыг хийчихсэн. Энэ далд сурталчилгааг нь сонссон хэнбугай ч Их хурлын гишүүний талаар яриад байна уу, эрүүгийн элементийн талаар яриад явна уу гэдгийг нь ялгахгүй. Хүн бөлдөгддөг л гэнэ, хүчинд автуулж байгаад тамалдаг л гэнэ. Төрийн ордны индэр дээрээс гөлөг болгодог л гэнэ.
Энэ мэт итгэн үнэмшихэд бэрх имиж бүрдүүлсэн нь Баянголд эзэн суухад нь айхтар нөлөөлсөн гэдэг юм билээ. Тийм ч учраас “С.Эрдэнэ гишүүн тойрогтоо ажиллаж байна” гэхээс өөр тодорхой мэдээлэл хэвлэлийн нүүрэнд гардаггүй. Түүний гарт өдгөө Баянгол дүүрэг 23 хороотойгоо байхаас гадна АН-ын хувь заяа атгаатай байна. Сонгуулийн тухай хууль, Улс төрийн намын тухай хууль, Үндсэн хуулийн үнэт зарчмыг зөрччихлөө гэх шүүмж С.Эрдэнэ даргад хаяглагдаад удаагүй байна. Учир нь тэрбээр, АН-ыг ирэх парламентын сонгуульд элгээр нь хэвтүүлээд өөрөө хаан болохоор гишүүдтэйгээ “дайн” зарлаж, хагаралдан бутралдаад эхэллээ.
Яг энэ үед АН-ыг дотроос нь биш гаднаас нь харах юутай гаслантай байна гээч. Яг л Манжийн үеийн монголчуудын амьдралыг орчин цагийн баатрууд болгож хувиргаад холливуд кино гараашиндаа уран зөгнөлт драмм бүтээж буй мэт эмгэнэлтэй. Баянголд бугшсан идээ бээрийг шахах шандастай аавын хүү төрөх л байх даа. Гэхдээ Ардчилсан намаас уу, Ардын намаас уу.
М.Мөнх
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Vneniig bishjee olon jil ih hurald suusan erdene ene duurgees oiriigoo bolon toiron hvreelegshdee l horongojuulsen dee