Улс төрд найз байдаггүй, гагцхүү мөнхийн эрх ашиг байдаг гэх үг он цаг улирах тусам улам бүр батжиж байна. Жилээс жилд улстөрчдийн арга ухаан нарийсч, нүүрэн дээр нь инээчихээд, холдоод явахаараа муулдаг, хар пиар явуулдаг байдал газар авав. Анд нөхдийн, ах, эгчийн гэмгүй сайхан харилцаатай явсан хүмүүс улс төрд эрх ашиг огтлолцоогүй үедээ нэгнийгээ үзэн ядах, харлуулах явдал хэрээс хэтрэв. Үүн дээр сонгогчдын боловсрол нөлөөлчихнө, огт танихгүй, хэдэн үг сольж үзээгүй хүнээ газар дор ортол муулж, харааж, зүхэх энүүхэнд. Сэтгэхүйн солиорол ч гэлтэй.
Сүүлийн жилүүдэд бидний туулж өнгөрүүлж буй энэ араншин ээлжит сонгуулийн үед улам бүр эрчээ авах болов. Дэлхий дахиныг түгшээсэн коронавирусийн тархалттай холбоотой ээлжит сонгуулийн ажил өмнөх жилүүдээс нам гүм өрнөж буй ч хэвлэлээр, олон нийтийн сүлжээгээр горилж буй тойрогтоо өрсөлдөж магадгүй гэсэн хүмүүсийг “намнах” ажиллагаа хэдийн эхэлчихжээ.
Хууль тогтоох байгууллагын 76 тойрогт дэндүү олон хүн өрсөлдөхөөр горилох ч хэмжээтэй юм болохоор намын дарга нь буруу харж “уйлж”, зөв харж инээсээр нэр дэвшигчдээ тодруулах гэж хэрэндээ л зүдэрдэг. Мэдээж хэн ахиу мөнгө төлсөн нь улаан гэрлээр сүнгэнэж, тойрогт өрсөлдөх тийзээ авах ч гомдогсдын арми хэдэн зуугаараа үлдэнэ.
УИХ-ын 2016 оны сонгуулиар Баянзүрх дүүргийн 51 болон Чингэлтэй дүүргийн 65 дугаар тойрогт хамгийн олон буюу тус бүр 14 нэр дэвшигч өрсөлдөж байв. Энэ удаа ч ийм дүр зураг харагдаж буй. Тойргоо булаацалдаж, намын даргадаа нөлөөлж чадахаар нэгэндээ нэр дэвших квотоо алдсан нь гомдоллож, бие даах эсвэл нэр дэвшүүлэх ажиллагаа болтол өрсөлдөгчөө ил, далдаар муулж байна. Өнгөрсөн УИХ-ын сонгуулиар хамгийн олон буюу 498 нэр дэвшигч өрсөлдөж байжээ. Тэгвэл энэ удаагийн хууль тогтоох байгууллагын гишүүнийг сонгох сонгуулиар түүнээс ч олон нэр дэвшигч дэвшихээр байгаа аж. Учир нь, 2020 оны сонгуулийг олон мандаттай томсгосон тойргоор явуулахаар болсон. Үүнтэй холбогдуулан намууд нэгнийхээ саналыг хуваалгах гэж бие даагчид оруулж ирэх, эсвэл жижиг намаас нэр дэвшүүлэх, санхүүжилтийг нь гаргах гэх мэтэд “акцент” өгч буй аж.
Энэ удаагийн сонгуульд нэр дэвших сонирхолтой ч тойроггүй хэцүүдэж яваа нөхөд нэлээд байна. Тэднээс цухас дурдвал, Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан, УИХ-ын гишүүн Н.Батбаяр дэвшихээр горилсон ч өмнөх парламентын үед “Чингис” бондыг “үрэн таран” хийсэн гэж хуулийн байгууллагад шалгагдаж байгаа аж. Нэгэнт өөрөө нэр дэвших боломжгүй болсон учир Архангай аймагт охин Б.Жаргалангаа нэр дэвшүүлэхээр зүтгүүлж буй гэсэн. Б.Жаргалангийн хуьд хараахан намын даргаас “виз”-ээ авч чадаагүй байгаа. Баянхонгор аймагт гэхэд М.Билэгт гишүүн тойроггүй болжээ. Түүний оронд тус аймгийн Засаг дарга Д.Батжаргалыг нэр дэвшүүлэхээр тохирсон гэх мэдээлэл байна.
Сүхбаатар дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн С.Батболд мөн л тойроггүй болжээ. Тэрбээр Дундговь аймгийг “усалж” байгаа аж. Сэлэнгэ аймагт гэхэд МАН-аас УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат, Н.Оюундарь, “Сөүл” группийн захирал Д.Өнөрболор, МУИС-ийн дэд захирал Ч.Ундрам, Зам тээвэр, хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл нар өрсөлдөхөөр бэлтгэлээ хийж буй ч тус аймаг гурван мандаттай. Энэ таван хүний гурав нь л дэвших боломжтой, үлдсэн хоёр нь гомдогсдын армид шилжинэ.
Харин Орхон аймагт МАН-аас УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, О.Содбилэг, аймгийн Засаг дарга Д.Батлут, Монголын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч Б.Оюунгэрэл, МАН-ын бүлгийн ажлын албаны дарга Н.Энхтайван, ЗГХЭГ-ын дэд дарга Б.Бат-Эрдэнэ нарын нэр яригдаж байгаа. Эцсийн мөчид МАН-ын дарга У.Хүрэлсүх хэнийг нь илгээхээ тавдугаар сард шийднэ. Тус аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирын хувьд Дундговь аймгийг “тойглож” байсан ч ЖДҮХС-гаас зээл авсан асуудалд нэр холбогдсон учраас нэр дэвших боломжгүй болж буй аж. Учир нь, У.Хүрэлсүх ЖДҮХС-гаас зээл авсан гишүүдээ нэр дэвшүүлэхээ гэдгээ зарлаад байгаа билээ. Мөн Орхон аймагт АН-аас “Зэс эрдэнийн хувь” компанийн захирал Х.Алтанхуяг, УИХ-ын гишүүн асан Д.Одхүү, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Төрийн нарийн бичгийн дарга асан Х.Золжаргалын нэр яригдаж буй. Түүнчлэн МАХН-аас УИХ-ын гишүүн асан С.Ганбаатар, бие дааж МҮХАҮТ-ын дэд дарга Д.Сарандаваа нэр дэвшихээр бэлтгэлээ базааж эхэлжээ. Энэ тойрогт хамгийн багадаа 10 нэр дэвшигч өрсөлдөхөөр байна.
УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва намынх нь нэр хүнд тааруу байгаа учир бие дааж нэр дэвшинэ гэдгээ удирдлагууддаа мэдэгджээ. Тэрбээр 2004 оны сонгуулиар бие даан нэр дэвшиж, сонгинохайрханчуудыг парламентад дөрвөн жил төлөөлж байсан билээ. Гэхдээ олон мандаттай томсгосон тойрог болсноор тус дүүргээс нэг мандат хасагдаад байсан нь түүнийг ийн бие даан нэрээ дэвшүүлэхэд хүргэсэн байж мэдэх юм.
Харин Увс аймагт АН-аас “ТЭСО” корпорацийн захирал О.Цогтгэрэл, аймгийнх нь Засаг дарга асан Д.Цэндсүрэн, НИТХ-ын төлөөлөгч Ц.Одонтунгалаг, бизнес эрхлэгч Д.Цэрэндулам, АН-ын нарийн бичгийн дарга асан Д.Анхбаяр, МАН-аас УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар, Н.Цэрэнбат нар нэр дэвшихээр горилж буй. Дээрээс нь бие даагчдын төлөөлөл, ШИНЭ намын нэр дэвшигч өрсөлдөхөөр байгаа аж.
Дархан-Уул аймагт гэхэд МАН-аас УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, Б.Жавхлан, Б.Баттөмөр, УИХ-ын даргын ахлах зөвлөх Ж.Сүхбаатар нарын дөрвөн хүний нэр яригдаж байна. Харин АН-аас Н.Мөнхдаш, АЗХ, АЭХ-ны төлөөллөөс нэр дэвшүүлэх аж. Харин Зөв хүн-Элекрот-аас МУИС-ийн багш, доктор Б.Отгонтөгс горилж байна.
Тойргийн төлөөх тэмцлийг зах зухаас нь цухас дурдахад ийм байх. Үүний цаана нэр дэвших эрхээ авахаар хоосон мөрөөдөж, сэрүүн зүүдэлж, намын дарга, генсекийн үүдийг өдөр, шөнөгүй сахиж буй хүн олон байна. Тэд хууль тогтоох байгууллагад сонгогдож, төр түмний төлөө ажиллах гэсэндээ бус хувийн эрх ашгийг нэгдүгээрт эрэмбэлсэндээ улайран зүтгэцгээх аж. Монголын сор болсон сэхээтнүүд улс төрөөс “зугатаж”, бөх, биеийн тамирын багш зэрэг мэргэжилтэй хүмүүс улс төр рүү хошуурцгаах болжээ.
С.Батзаяа
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.