Энэтхэгийн Засгийн газар 1,3 тэрбум иргэнээ хорио цээрийн дэглэмд шилжүүлсний дараа тусгаарлалтад байсан олон мянган иргэн гэр лүүгээ зугтаж байгааг эх сурвалж мэдээлжээ.
Уттар Прадеш, Бихар мужуудад захиргааны эзэмшлийн байшин барилга, сургуулиудад тусгаарлагдаж буй олон мянган иргэн шөнийн цагаар хорио цээрийн дэглэм зөрчин зугтаах болсон байна. Гэвч тэд тусгаарлалтад байгаа иргэдэд өгдөг үнэгүй хоолыг идэхийн тулд өдрийн цагаар эргэн ирж байгаа ажээ.
Дээрх хоёр муж нь Энэтхэгийн хамгийн олон хүн амтай мужууд бөгөөд хэрэв халдвар тархвал гамшгийн түвшинд хүрнэ. Нийт 350 сая оршин суугчтайгаас дийлэнх нь ядуу буурай иргэд юм. Тиймээс Дэли, Мумбай зэрэг томоохон хотуудыг зорьж ажил хийхийг илүүд үздэг.
Ерөнхий сайд Нарендра Моди коронавирусийн тархалтын улмаас гэнэтийн хорио цээрийн дэглэм тогтоож, бизнесийн байгууллагууд хаалгаа барьснаар ажилгүй болсон иргэд нутаг буцаж эхэлжээ. Гэсэн ч тэдгээр хүмүүсийг 14 хоногийн хугацаанд тусгаарлахыг орон нутгийн эрх баригчдад тушаасан байна.
Гэртээ эргэж ирсэн ч тусгаарлалтад байгаа хүмүүс ийнхүү оргон зугтах тохиолдол гарч байна. Тэд тусгаарлах байрыг хэт олон хүнтэй, хангамж муу хэмээн голж цонх шилийг нь хагалан зугтжээ. Тухайлбал гар угаах саван, ариутгагч байхгүй, ариун цэврийн газрууд хэт бохир, ялаа шумуул ихтэй байгаад гомдоллосон байна.
Энэтхэг улсад коронавирусийн халдварын 11,555 тохиолдол илэрч, 396 хүн нас баржээ.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.