Австрали улсад кино зураг авалтын ажлаар явж байгаад коронавирусээр халдварлаж эдгээд буй жүжигчин Том Хэнкс эхнэр Рита Вилсоны хамт Ковид-19-өөс урьдчилан сэргийлэх тарилга гаргаж авахад зориулан цусаа хандивлажээ.
Эмч мэргэжилтнүүд тэдний цусыг шинжилж, урьдчилан сэргийлэх тарилга гаргаж авахад хэрэгтэй вирус эсэргүүцэгч дархлаа тогтсон эсэхийг судлах юм байна. Хэнксийн гэр бүл өнгөрсөн сард бүрэн эдгэрч, тэдэнд вирусийн эсрэг дархлаа суусан гэж үзэж байгаа юм.
Рита Вилсон коронавирусээр халдварласнаасаа хойш анх удаа CBS телевизийн This Morning’s Gayle King хөтөлбөрт оролцож цусаа хандивласан талаар ярьсан байна. Мөн коронавирусээр өвчилсөн үед маш их ядрах, эрүүл бус, тав тухгүй мэдрэмж төрөх, халуурах, амтлах, үнэрлэх мэдрэмжээ алдах зэрэг шинж тэмдэг илэрснээ дэлгэрэнгүй ярьжээ.
Харин түүний нөхөр Том Хэнкс хэт өндөр халуураагүй бөгөөд амтлах, үнэрлэх мэдрэмжээ алдаагүй байна. Хатагтай Вилсонд хлорихины найрлагатай эм, бусад эмчилгээг хийсэн гэжээ. Гэвч хлорихин түүнийг эдгэхэд тусалсан гэж хэлэхэд эргэлзээтэй хэмээн ярьсан байна. Учир нь уг эмийг уусны дараа дотор нь муухайрах, толгой эргэх, булчин сулрах зэрэг сөрөг нөлөө мэдрэгджээ. Тиймээс уг эмийг хэрэглэхдээ маш болгоомжтой хандахыг зөвлөсөн байна.
Хэнкс, Вилсон хоёр хамт явж байгаад халдвар авсан нь гарцаагүй боловч хэзээ, хаанаас гэдгээ олж мэдэлгүй өнгөрчээ. Тэдэнтэй ойр байсан гэр бүлийн хүмүүсээс азаар коронавирус илрээгүй байна. Өнгөрсөн долоо хоногт Хэнкс Saturday Night Live шоуг хөтөлсөн нь үзэгчдэд гэнэтийн бэлэг болсон билээ.
Эх сурвалж: Independent
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Эдгэсэн бол яамай даа...