Их Британийн 99 настай ахмад дайчин Том Мур дөрвөн дугуйт таягийн тусламжтайгаар гэрийнхээ гадна талбайг 100 удаа тойрч, Улсын эрүүл мэндийн байгууллагад 2.5 сая ам.долларын хандив босгож өгчээ.
Энэ сарын 30-нд 100 нас хүрэх тэрбээр өнгөрсөн долоо хоногт коронавирусийн хямралд өртсөн эмнэлгийн ажилтнууд, сайн дурын ажилтнууд болон мөн өвчтөнүүдэд зориулан мөнгө босгодог NHS Charities Together байгууллагад хандив цуглуулахаар шийдсэн аж.
Эхэндээ тэрээр Йоркшир дахь байшингийн ногоон талбайгаа өдөр бүр арав тойрч, 100 насны төрсөн өдрөөсөө өмнө 1,000 фунт стерлинг буюу 1,257 ам.доллар босгох зорилго тавиад байж. Гэвч түүний энэ зорилт 24 цагийн дотор л биелсэн бөгөөд одоогийн байдлаар 2.5 сая ам.долларын хандив цуглараад байна.
Түүний охин Ханна Инграм-Мурын хэлснээр аав нь түнх шилжүүлэн суулгах хагалгааны дараа өдөр бүр дасгал хийдэг байсан бөгөөд тэрээр аавдаа өдөр бүр алхангаа мөнгө босгохыг санал болгожээ. Том Мур аль хэдийн 80 тойрог алхсан бөгөөд пүрэв гараг гэхэд 100 тойргоо гүйцэхээр төлөвлөж байна.
Эх сурвалж: CNN
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Сэтгэл байхад бүх зүйл бүтэнэ дээ.мундаг өвөөд аз жаргал эрүүл энхийг ерөөе!