Хэрэглээний зээлийг хойшлуулах шийдвэр хэрэгжихгүй байгаа талаар иргэдээс гомдол ирсээр байгаа тухай УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг мэдээллээ. Өргөдлийн байнгын хороо зээл хойшлуулсан асуудлаар хуралджээ.
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:
-Нийт зээлдэгчдийн 90 гаруй хувь буюу нэг сая 405 мянган иргэн хэрэглээний зээлтэй байна. Өөрөөр хэлбэл, ийм хэмжээний хүн ипотек, автомашин, цалин, тэтгэврийн зээлтэй байна гэсэн үг. Энэ зээлдэгчдийн 52.282 нь СOVID-19-ийн нөлөөнд автсан гэх судалгаа гарчээ.
Уг нь дөрөвдүгээр сарын 3-нд ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээлийн эргэн төлөлтийг гурван сараар хойшлуулах шийдвэр гарсан бол дахин гурван сараар нэмэгдүүлж, нийт зургаан сараар сунгахаар Монголбанк дөрөвдүгээр сарын 13-нд шийдвэрлэсэн. Энэ нь дахиад хэрэгжихгүй байх вий гэдэг асуудлыг хөндөж ярилцаад тодорхой шийдэлд хүрлээ.
Тухайлбал, Монгол банкнаас зээл хойшлуулах уг шийдвэрийг мөрдүүлэх нэгдсэн журам гаргаж мөрдүүлэхээр болсон. Зээлдэгч хүсэлтээ гаргавал 1-р сарын 28-наас хойш үйлчилнэ. Мөн УИХ-ын гишүүн Б.Баттөмөрөөр ахлуулсан ажлын хэсэг гарч уг асуудлыг мөрдүүлэх хууль эрхзүйн асуудлыг боловсронгуй болгоно гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.