Нийслэлийн хэмжээнд зэрлэгшсэн, золбин нохой устгах ажил хийгдэж эхэлжээ. Тухайлбал, энэ сарын 8-10-ны өдрүүдэд Чингэлтэй дүүргийн 17, 19 Сүхбаатар дүүргийн 19, 20 дугаар хорооны нутаг дэвсгэрийн зуслангийн бүсэд ажлын өдрүүдэд устгалын ажлыг зохион байгуулж, нийт 153 зэрлэгшсэн нохойг устгасан байна.
Түүнчлэн Богдхан ууланд золбин нохой амьтан барьж, хүн рүү ноцсон асуудал гарсантай холбоотойгоор Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаатай хамтран нохой устгалын ажлыг ирэх даваа, мягмар, лхагва гарагуудад зохион байгуулахаар болов.
Устгалын ажлыг Улаанбаатар хотод золбин зэрлэг нохой устгал хийдэг мэргэжлийн гурван компани нэгдэж хамтарсан байдлаар зохион байгуулж устгах юм. Цаашид золбин нохой устгах үйл ажиллагааг ууланд амарч зугаалж байгаа иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор улирал бүр зохион байгуулж байхаар болжээ.
Зэрлэгшсэн, золбин нохдын тоо буурахгүй байгаа нэг шалтгаан нь зуслан, хашаагаа мануулахаар идэш тэжээлгүй олон хоногоор орхих, барилгын ажил дуусмагц төөрүүлж хаях, сул чөлөөтэй тавих зэрэг иргэдийн хүмүүнлэг бус, хариуцлагагүй үйл ажиллагаатай холбоотой тул ойр орчмын айл өрх, аж ахуйн нэгжүүдэд сануулах, нутаг дэвсгэрийн байгаль хамгаалагчдад мэдэгдэн хамтран ажиллахыг Нийслэлийн Байгаль хамгаалах газраас иргэддээ уриалав.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.