Дэлхий нийтийг хамарсан цаг тахлаас үүдэн улс орны өмнө тулгамдсан нэн чухал зарим асуудлууд ард орхигдож байна. Тэдгээрийн нэг нь Элчин сайдуудын томилгоо. УИХ-ын намрын чуулган хаагдахаас өмнө яригдаж байсан уг асуудал өдгөө коронавирусийн шуугианд нам дарагджээ.
Энэ талаар Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатараас тодруулахад “Би мэргэжлийн сайд нараа томилуулахаар оруулсан. Харамсалтай нь Ерөнхийлөгч саналаа татаж аваад дараагийн УИХ бүрдэхээр асуудлыг оруулна гэсэн. Тиймээс Элчин сайдуудаа томилж чадахгүй байна...” гэсэн тайлбар өглөө.
Сануулахад, УИХ-ын намрын чуулганаар буюу одоогоос хоёр сар гаруйн өмнө Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар 11 улсад суух Элчин сайдын нэрсийг Засгийн газрын хуралдаанд танилцуулж дэмжүүлсэн. Улмаар Ерөнхийлөгчид уламжилж, Ерөнхийлөгч ч дэмжсэн байдаг. Гэвч МАН-ын бүлэг дээрх 11 элчин сайдын хоёрыг нь дэмжээгүй, Элчин сайд байхад зохихгүй гэж үзсэнээс үүдэн ерөнхийлөгч УИХ-тай зөвшилцөх саналаа буцаан татсан юм. Ингэснээр элчин сайдуудын томилгоо үндсэндээ гацсан.
Тодруулбал, Бүгд Найрамдах Болгар Улсад суух Элчин сайдаар Ц.Цэнгэлийг, Чех улсад Д.Гансүхийг, Францад Б.Болормааг, Унгарт Б.Мандахбилэгийг, Ардчилсан Солонгос Ард Улсад М.Ганболдыг, Итали Улсад Б.Батцэцэгийг, Энэтхэгт Ч.Бүрэнбаярыг, БНСУ-д Ц.Өнөрзаяаг, Киргизэд Ч.Баттөмөрийг, Беларусь Улсад Б.Баярсайханыг, Арабын Нэгдсэн Эмират Улсад Д.Ганболдыг томилохоор дэмжсэн байдаг.
МАН-ын бүлэг ерөнхийлөгчийн санал болгосон Энэтхэг Улсад суух Элчин сайд Ч.Бүрэнбаяр хэтэрхий өндөр настай гэх шалтгаанаар, БНСУ-д суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ц.Өнөрзаяаг туршлагагүй гэх шалтгаанаар дэмжээгүй. Ингэснээр ерөнхийлөгчийн тахилыг буруу өрж, саналаа татаад өдийг хүрч байна.
Хэрэв Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын хэлсэн үнэн бол элчин сайдуудын томилгоо сонгууль болж, дараагийн УИХ бүрдтэл буюу ирэх 9 сараас наашгүй болж таарч байна. Энэ болтол бүрэн эрхийн хугацаа нь дууссан элчин сайд, консулууд үүрэг гүйцэтгэсээр байх нь.
Манай улс 196 улстай дипломат харилцаа тогтоосоос одоогоор 32 улсад Элчин сайдын яам, 14-т нь Ерөнхий консулын газар ажиллаж байна. Тэдгээрийн 11 элчин сайдыг ийн томилж чадахгүй хэдэн сарыг үдэж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Zurgiig ni tavisan ene 2 hun chini neg ni Polishid nuguu ni sheved tomil;ogdood deer ajildaa orson sh dee