БНСУ-д өнөөдөр Парламентын сонгуулийн санал хураалт явагдаж байна. Гэхдээ энэ удаагийн сонгууль урьд өмнө түүхэнд тохиож байгаагүй арга хэлбэрээр зохион байгуулагдаж байгаа ажээ.
Дэлхийн нийтийг Ковид-19 цар тахал нөмөрсөнтэй холбогдуулан Парламентын 300 гишүүнийг сонгохоор саналаа өгөхөөр ирсэн иргэд бүгд амны хаалт зүүж, хоорондоо нэг метрийн зай барихыг шаарджээ. Санал хураах байрууд өглөөний 06 цагаас орой 18 цаг хүртэл ажиллана. Улс орон даяар 14,330 санал хураах байр үйл ажиллагаа явуулна.
Өнөөдөр өглөө 09 цагийн байдлаар иргэд коронавирусийн тархалтыг үл тоон саналаа өгсөөр байгаа бөгөөд одоогоор нийт санал өгөх эрхтэй иргэдийн найман хувь нь буюу 3,54 сая иргэн саналаа өгч амжсан байна. Өмнөд Солонгосын 44 сая иргэн энэ удаагийн Парламентын сонгуульд санал өгөхөөр бүртгүүлжээ.
БНСУ-д коронавирусийн халдварын 10,564 тохиолдол илэрч, 222 иргэн нас барсан бөгөөд иргэдийг олон тоогоор түргэвчилсэн оношлуурт хамруулах, бүх нийтийг тусгаарлахаар хүчин чармайлт гарган ажиллаж байна.
Энэ удаагийн сонгуульд Ардчилсан нам Парламентад дийлэнхийн суудал эзэлж ялалт байгуулна гэж урьдчилан таамаглаж байна. Ерөнхийлөгч Мүн Жэ Иний Засгийн газар, эрх баригч нам халдварт тахал, эдийн засгийн удаашрал, улс төрийн эмх замбараагүй байдал зэргээс үүдэн харьцангуй бага санал авна гэж шинжээчид таамаглажээ.
Хэзээ ч хойшлуулаагүй сонгууль..
Эх сурвалжийн онцолсноор БНСУ сонгуулийн санал хураалтыг хойшлуулж байсан удаагүй ажээ. 1952 онд Солонгосын дайн үргэлжилж байхад ч Ерөнхийлөгчийн сонгууль явагдаж байсан түүхтэй.
Тиймээс энэ удаад саналаа өгөхөөр ирсэн хүн бүрт эрүүл ахуйн шаардлага тавихаас гадна эмч мэргэжилтнүүд сонгогчдын биеийн халууныг шалгаж 37,5 хэмээс өндөр халуунтай бол тусгаарласан санал хураалтын хэсэгт аваачиж тусгаарлах юм байна. Хилийн чанадад байгаа Солонгос иргэдээс гадна коронавирусийн халдвар авсан өвчтөнүүдийн саналыг цахимаар авч байгаа ажээ.
Түүнчлэн гэрээр тусгаарлагдаж байгаа 60,000 иргэнд саналаа өгөх тусгай чиг үүрэг өгсөн байна. Тэдгээр иргэд сонгуулийн өдөр орой 17 цаг 20 минутаас 19 цагийн хооронд саналаа өгөх эрхтэй бөгөөд ингэхдээ олон нийтийн тээврийн хэрэгсэл ашиглахгүй ба зөвхөн хувийн автомашинаар явах, алхах эрхтэй. Санал өгсний дараа гэртээ ирэхдээ хариуцсан эрүүл мэндийн ажилтнуудад заавал мэдэгдэх ёстой аж.
Сонгуулийн өдөр армийн 550,000 албан хаагчийг хэв журам сахиулахад туслуулахаар болжээ.
Эх сурвалж: Korea Times, BBC
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.