Сүүлийн жилүүдэд хуурамч мэдээлэл ихсэх болж үүнээс үүдэн мэргэжлийн сэтгүүлзүйд итгэх олон нийтийн итгэл үнэмшил буурах, мэргэжлийн сэтгүүл зүй болоод сошиал медиагийн зааг, ялгаа бүдгэрэх зэрэг үзэгдэл ажиглагдаж байна. Өөрөөр хэлбэл, мэргэжлийн салбарт баримт, мэдээллийг нягтлан шалгах дадал, соёл бий болох хэрэгцээ, нөгөө талдаа иргэдийн хувьд хуурамч мэдээллийг таньж мэдэх, мэдээлэлд шүүмжлэлтэй хандах хандлага нэн шаардлагатай болжээ. Тиймээс мэргэжлийн түвшинд баримтыг нягтлан шалгаж, энэ нь иргэдэд мэдээллийн үнэн зөвийг ялган хүлээн авах, аливаа мэдээлэлд шүүмжлэлтэй хандахад тус болохыг зорьж бид “Fact-Check Mongolia” хөтөлбөрийг Монголд хэрэгжүүлж байна. Бидний нягталсан мэдээллийг хүлээн авна уу.
“Өнөөдрийн хамгийн сайхан мэдээ. Хүнсний ногоо гаднаас авахыг хориглолоо!!! Хятад ногоо баяртай!!! Ард түмний эрүүл мэндийн төлөө түүхэн шийдвэр гаргалаа. Энэ мэдээг цааш түгээж дэмжээрэй!!! Ёстой болоошдээ!!!” гэсэн мэдээллийг news.medleg.me цахим сайт энэ сарын 9-нд мэдээлж, хэд хэдэн фэйсбүүк группт цацсан байна. Бид энэ мэдээллийг нягталж, үнэн эсэхийг шалгалаа.
Хүнсний ногоо гаднаас авахыг хориглосон эсэх талаар ХХААХҮЯ-ны Газар тариалангийн хөгжлийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Болорчулуунаас тодруулахад “Хориглосон шийдвэр гараагүй. Дотооддоо тариалалтаа нэмэгдүүлэхээр ажиллаж байна” гэсэн бол Засгийн газрын хэвлэлийн албаны төлөөлөгч: “Засгийн газраас гаргасан тогтоол, шийдвэрийг танилцуулахдаа Ерөнхий сайд сэтгүүлчдийн асуултад хариулсан. Энэ үеэрээ хүнсний ногоог дотоодоосоо хангах чиглэл баримтална гэсэн. Тэрнээс ХХААХҮЯ-нд ямар нэгэн чиглэл өгөөгүй” гэв.
Эндээс “Хүнсний ногоог гаднаас авахыг хориглолоо” гэх мэдээлэл нь худал болох нь тодорхой байна. Мөн news.medleg.me цахим сайтад оруулсан бичлэгийг шалгаж үзэхэд, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн гуравдугаар сарын 27-нд иргэд, аж ахуйн нэгжүүдэд хандаж мэдэгдэл хийх үеэр сэтгүүлчдийн асуултад хариулсан хэсгээс тасдаж авсан нь тодорхой байгаа юм. Уг бичлэгт Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Цаашдаа бид хүнсний ногоо, сонгино, сармис, байцаа, луувангаа гадаадаас авмааргүй байна. Төмс, гурилаа бид 100 хувь дотоодоо хангаж байгаа. Энэ ажлуудаа сайн зохион байгуулах хэрэгтэй. Ингэж чадвал бид дотоодынхоо хүнсний хэрэгцээг хангах бүрэн боломжтой гэж үзэж байна. Үүнийг бас ХХААХҮЯ зохион байгуулж ажиллаж байгаа гэдгийг та бүхэндээ илтгэе” гэж хэлжээ. Энэхүү мэдээлэлд иргэд “Маш зөв, дэмжиж байна”, “Ямар сайхан мэдээ вэ”, “Баярлалаа” гэх мэтээр сэтгэгдэл бичжээ. Тус мэдээлэл нь нийгмийн сүлжээнд “Залуус 2020” “Сонгинохайрхан дүүрэг”, “Баянзүрх дүүрэг Зүүн бүсийн иргэд”, “Өмнөговь шуурхай зар” (15 Сум), “Сонгинохайрхан Иргэдийн нэгдэл” гэсэн фэйсбүүк групп, “Тусгаар Монголын иргэд” фэйсбүүк хуудаст тархаж, зарим аймгийн /Архангай/ ЗДТГ-ын групп хуудаснаа ч түгсэн байна.
Мэдээллийг нягталсан: Fact-Check Mongolia (Factcheck.mn А.Амартүвшин, “Үндэсний шуудан” сонин Э.Эрдэнэцэцэг, Архангай медиа групп О.Амарзаяа)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Уг н ь тодорхой хязгаарлалт байвал зүгээр байгаам даа.Ирээдүйн үр хүүхдүүдийн минь эрүүл мэнд яригдаж байна шүү дээ.Томчууд ч ямар ийм ногоо идэх биш юу тоохов дээ