УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны Хуралдаанаар аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2020 оны ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж дэмжлээ.
Энэ онд батлагдсан Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХын сонгуулийн тухай хуулийн зохих хэсэг, УИХ-ын тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэн боловсруулсан уг тогтоолын төсөлд аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын ээлжит сонгуулийг энэ сарын 30-ны өдрөөс товлон зарлаж, санал авах өдрийг ирэх аравдугаар сарын 15 байхаар тусгажээ.
Тогтоолын төсөлтэй холбогдуулан Байнгын хорооны гишүүдээс асуулт, зарчмын зөрүүтэй санал гараагүй бөгөөд харин УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжив. Үргэлжлүүлэн Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2020 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж дэмжлээ.
Сонгуулийн ерөнхий хорооны саналын дагуу Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийн 6.1.1 дэх заалт, УИХ-ын тухай хуулийн 43.1 дэх хэсгийг үндэслэн орон нутгийн сонгуулийн сонгогчдын бүртгэлийн үйл ажиллагаанд бүртгэлийн техник хэрэгслийг, санал авах, тоолох, дүн гаргах үйл ажиллагаанд “New Image Cast” санал тоолох төхөөрөмж хэрэглэхийг гишүүд дэмжлээ. Мөн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулахаар тогтсон юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.