Австри улсад коронавирусийн халдварын 14,000 гаруй тохиолдол илэрч, 368 иргэн нас бараад байгаа юм. Тус улс өнөөдрөөс эхлэн хорио цээрийн дэглэмээ суллаж, мянга мянган дэлгүүр, худалдааны төвийг эргэн нээхээр болжээ.
Засгийн газар хорио цээрийн дэглэмийн улмаас зогссон эдийн засгаа алхам алхмаар сэргээхийн тулд жижиг дэлгүүрүүд, худалдааны төвүүдийг нээхээр төлөвлөсөн байна. Хэдийгээр дэлгүүрүүд нээгдсэн ч нийтийн дунд зай барих, боломжтой тохиолдолд гэртээ байх, аль болох гадагш гарахгүй байх дүрэм, уриалгууд хэвээр үлдэх ажээ.
Австриас гадна Европын Испани, Дани зэрэг улсууд хорио цээрээ суллаж, иргэдийг ажилд нь оруулах, сургуулиудыг эргэн нээх зэрэг шийдвэрүүдийг гаргаж байна. Түүнчлэн 20,500 иргэнээ алдсан Итали улсад ч мөн олон нийтийн үйл ажиллагаа бага багаар сэргэж эхэлжээ.
Харин Франц улсын Ерөнхийлөгч Эммануэль Макрон хорио цээрийн дэглэм баримтлах хугацааг дахин дөрвөн долоо хоногоор буюу тавдугаар сарын 11-ний өдөр хүртэл сунгасан байна. Макроны үзэж байгаагаар халдварын тархалт удааширсан байж болох ч бүрэн гүйцэд ялан дийлээгүй юм.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага Европын орнуудад халдварын тархалт удааширсан нь сайшаалтай ч хорио цээрийг цуцлахад хэтэрхий эрт байна гэдгийг сэрэмжлүүлж байгаа юм.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.