Украин улсын хойд нутагт хэдэн өдрийн турш шатаж буй ойн түймэр хаягдаж, эзгүйрсэн Чернобылийн атомын цахилгаан станцад хэдхэн км-ийн зайд ойртон иржээ. Түймэр өмнө нь Чернобылийн АЦС-ын төв байсан Припять хотод хүрээд буй бөгөөд хуучин атомын цахилгаан станцын хамгийн аюултай цөмийн хог хаягдалтай хэсгээс 2 км-ийн зайд шатаж байна.
“Аялал жуулчлалаар их хэмжээний орлого олдог тул хэрэв гал Припятийг бүрэн эзэлбэл хотын эдийн засаг сүйрэх болно” хэмээн аялал жуулчлалын ажилтан Ярослав Емельяненко хэлжээ. 2018 онд тус хотод 70,000 гаруй хүн зочилсон. Харин өнгөрсөн онд Чернобылийн ослын талаарх HBO-гийн цуврал гарсны дараа жуулчдын тоо эрс нэмэгджээ.
Цагдаа нарын хэлж буйгаар уг түймэр нэгэн иргэн хориотой бүсийн ойролцоох хуурай өвсийг шатаасны улмаас дөрөвдүгээр сарын 4-нөөс хойш гарч байгаа аж. Үүнээс хойш тусгай техник хэрэгсэлтэй 300 гаруй гал сөнөөгч, зургаан нисдэг тэрэг болон онгоц галыг унтраахаар ажилласаар байна.
Дөрөвдүгээр сарын 5-ны өдөр Украины экологийн хяналтын албаны дарга Егор Фирсов өөрийн фейсбүүк хуудас дээр бүс нутгийн цацраг идэвхийн хэмжээ хэвийн хэмжээнээс дээшилсэн гэж мэдэгджээ.
ОХУ дах Greenpeace-ийн хэлснээр түймэр эрх баригчдын мэдээлж буйгаас хамаагүй том гэнэ. Хэдийгээр эрх баригчид аюул бага хэмээн мэдэгдэж байгаа ч Greenpeace-ын эрчим хүчний төслийн дарга Рашид Алимов "Цөмийн болон аюултай цацраг идэвхт байгууламж руу ойртож буй гал үргэлж эрсдэлтэй байдаг" гэж хэлэв.
Өнгөрсөн амралтын өдрүүдэд хүчтэй салхины улмаас гал улам хүчээ авчээ. Гарсан гал түймрийн талаар олон нийт ихэд бухимдаж байгаа учир Украины парламент өвс шатаасны торгуулийг өмнөхөөс 18 дахин нугалж 5000 гаруй ам.доллар болгожээ.
Эх сурвалж: BBC, The Guardian
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.