ОХУ-д коронавирусийн халдварын тохиолдол 18,328 бүртгэгдэж, 148 иргэн нас бараад байна. Ерөнхийлөгч Владимир Путин халдварын тохиолдол эрчимтэй нэмэгдэж байгаа тул шаардлагатай гэж үзвэл армийн цэргүүдийг цар тахалтай тэмцэхэд дайчилж магадгүй хэмээн мэдэгджээ.
Засгийн газрын хуралдаан дээр тэрбээр сайд нарт хандан бүхий л нөөц бололцоо, хүчин чадал, боломжоо ашиглан коронавирусийн тархалтыг намжаах хэрэгтэй, шаардлагатай бол арми бэлэн хэмээн мэдэгдсэн байна. Халдварын тохиолдол хоногт 2,558-аар нэмэгдсэн ба дийлэнх нь нийслэл Москва хотод илэрчээ.
Путин Засгийн газрын хуралдааныг цахимаар зохион байгуулсан байна. Тэрээр нөхцөл байдал бараг өдөр бүр өөрчлөгдөж байгаа ч уг өөрчлөлт нь эерэг бус байгаа нь харамсалтай байна гэжээ. Европын Итали зэрэг халдварын тархалт өндөртэй улс орнууд цэрэг армийг дайчилсан туршлагаас хуваалцах нь зүйтэй хэмээн Путин хэлсэн байна.
Өрнөдийн бусад орнуудтай харьцуулахад эндэгдэл бага байгаа ч олон улсын шинжээчид ОХУ-д халдварт тахлын дөнгөж эхний үе шат илэрч байгаа тул цаашид нөхцөл байдал улам хүндэрч болзошгүй хэмээн таамаглаж байна. Москва хотын эмнэлгүүдийн багтаамж дүүрэх ойртсон бөгөөд өнгөрсөн амралтын өдрүүдэд өвчтөнүүд авч яваа түргэн тусламжийн машинууд эмнэлгүүдийн гадаа урт дараалал үүсгэн зогсож буй бичлэг цахим орчинд цацагдсан билээ.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.