Зуун түмэн будаан дундаас зүүний үзүүр дээр тогтож үлдсэн ганцхан ширхэгтэй хүмүүн заяаг зүйрлэдэг. Хүн төрлийг олж төрөх хамгийн дээд хувь заяа гэдэг нь ганц энэ үгнээс илт. Бид дарга, цэрэг, эрх мэдэлтэн, ядуу дорой, ер хэн ч байсан хүнийг хүн хэмээн хүндэлж, хүнийг ямар нэгэн байдлаар ялгаварлан гадуурхахыг бүхий л хүрээнд хориглож, хуулиар үүнийг зохицуулдаг. Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн хоёрт ч энэ тухай “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно” хэмээн заасан.
Үүнийг хэрэгжүүлэх, хүний эрхийг хамгаалах, эрх нь хөндөгдсөн тэдний өмнөөс дуугарах, эрх мэдэлтний өмнө хүчин мөхөстсөн хэнбугай нь ч төлөө тэмцэх ёстой байгууллага нь ХЭҮК. Гэтэл энэ байгууллагыг толгойлдог эрхэм болох ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж “Зөв амьдрах ухаан” ТББ-ын тэргүүн Г.Загдаатай утсаар “Би чамд нөхрийн хувьд хэлье. Зарим үед гөлөгнүүдтэй гөлөг шиг харьцаж байж ялдаг шүү дээ. Чи юу эс андах вэ. Би чиний асрамжид байгаа хүмүүсийг хэлж байна шүү” хэмээн ярьж байх юм. Өөрөөр хэлбэл, Ж.Бямбадорж даргын ярьсан гөлөгнүүд нь “Зөв амьдрах ухаан” ТББ-ын асрамжинд байдаг хүмүүс. Энд 130 гаруй хүн байдгийн тэн хагас нь хүүхдүүд. Хүний эрх ашгийг хамгаалдаг, тэдний дуу хоолой болж, эрх мэдэлтний өмнөөс сөрдөг, хязгаарлагдсан эрхийг нь сэргээхийн төлөө ажиллах ёстой хүн ингэж хүнийг ялгаварлаж, нохой гөлгөөр дуудах нь яав ч зүйд нийцэхгүй.
Ж.Бямбадорж дарга энэ тухайгаа хэвлэлийн хурал хийж “Юуны өмнө би өөрийгөө хамгаалахын тулд хэвлэлд хандаагүйг онцолъё. Г.Загдаа өөрөө над руу ярьсан. 2018 онд би очиж, төвтэй нь танилцсан. Түүний эрхэлж байгаа үйл ажиллагаанд зөв юм бий. Гэр оронгүй, тэнэмэл, архины хамааралтай хүмүүсийг байлгаж, хооллож ундлаад, ажил хөдөлмөр эрхлүүлдэг. Гэтэл тэндээс гомдол тасрахаа больсон. Манайх Ганбаяр гишүүнээр ахалсан шалгалт явуулсан. Үүнийг Г.Загдаа фэйсбүүкээрээ цацсан. ХЭҮК Монголын бүх байгууллагад шалгалт явуулж, хүний эрхийн төлөө ажилладаг. Гэтэл дийлдэхгүй нэг газар гарсан. Аргаа бараад бид цагдаа, прокурорт хандсан. Чимээгүй байж байгаад 2019 оны арванхоёрдугаар сарын 26-нд “Заналхийлэх гэмт хэргийн шинжгүй гэж үзэж хаалаа” гэсэн хариу өгсөн. Үнэндээ XXI зуунд “Зөв амьдрах ухаан” төвийн хашаанд боолын нийгэм үйлчилж байна. Зодож, заналхийлж, чөлөөтэй зорчих эрхийг хязгаарлаж байна.
Төрийн шийдвэрийг гүйцэтгэх гээд очихоор оруулдаггүй. Г.Загдаа төрөөс ганц ч төгрөгний санхүүжилт авдаггүй гэдэг. Гэтэл 2018 оны жилийн эцсийн байдлаар улсаас 800 гаруй сая төгрөгийн санхүүжилт авсан. Үүнийг шалгах хэрэгтэй. Тэгсэн мөртлөө Г.Загдаа төвийнхөө хүмүүсийг хувиасаа тэжээж байгаа гэдэг. Ахмад настай хүмүүсийнхээ тэтгэврийг өгдөггүй, ажил хийлгээд цалинг нь өгдөггүй гэх гомдол ирдэг. Нэг удаа бид гэнэтийн шалгалт хийсэн. Тэр үеэр нэг эмэгтэйн нүд нь хөхөрчихсөн байв. Манай ажилтан асуухад “Загдаад зодуулсан” гэсэн. Гэтэл дараа нь Г.Загдаа ХЭҮК-ыг шүүхэд өгсөн. Өөрсдийг нь гүтгэсэн гэдэг үндэслэлээр. Өнөөх зодуулсан гэсэн иргэн нь айсандаа ч тэр үү “Тийм юм болоогүй” гээд ярьснаа үгүйсгэсэн.
Бид хоёрын яриа бүхий утасны бичлэг бий. Энэ бичлэгээр намайг бүтэн жил дарамталсан. Би уг нь Г.Загдаатай 40 минут гаруй ярьсан юм шүү дээ. “Чи дандаа уурлаж, уцаарлан, бухимдаж, хүмүүстэй зүй бус харьцах юм. Битгий тэгж бай” гээд эвтэйхнээр ойлгуулахыг хичээсэн төдий. Гэтэл тэр бүхнийг тасдаад, эвгүй ойлгогдохоор эвлүүлсэн байна. Түүнийгээ над руу байнга илгээн, бүтэн жил дарамталсан. Тэр яриан дээрх хоолой минийх мөн” гэж тайлбар хийв. Түүний ярьсан шиг бүхэл бүтэн 40 минутын ярианаас хэсэгчилж тасалж, олон нийтэд цацсан нь үнэн байж болно. Гэхдээ ХЭҮК бол Монгол Улсын гурван сая хүний эрх ашгийг хамгаалдаг байгууллага. Энэ газрыг удирддаг хүн нэг ч хийтэй үйлдэл хийж, нэг ч үг амнаасаа сул унагах ёсгүй. Тэр тусмаа хүнийг доромжилж, нохой гахайгаар нь дуудсан доромж утга бүхий зүй бус үг. “Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт” гэх уриатай ХЭҮК-ын дарга нь хүний эрхийг ийнхүү уландаа гишгэв. Ийм даргатай ХЭҮК байна гэхээр даанч харамсмаар.
Мөн тэрбээр өөр нэгэн хэвлэлд “Хүн гөлөгтэй хамгийн энхрий харьцдаг. Хүнтэй хүн шиг харьц гээд болохгүй байхаар нь тэгж хэлсэн” хэмээн ярьсан байх юм. Өөрөөр хэлбэл, “Гөлөгнүүдтэй гөлөг шиг харьц” гэдэг түүнийхээр бол энхрийлж, өхөөрдөж буй хэрэг бололтой. Үүнээс хойш бүгдээрээ өхөөрдөж байгаа нэгнээ гөлөг гэж байя л даа, тэгвэл. ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж та монголчуудыг ингэж доромжлохоо болино уу.
Э.Цэцэн
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Бээжин хавны гөлөг байна даа.
Хөөрхий Монголын төрийн эмгэнэл