Малайз улсын цагдаа хоёр монгол эмэгтэйг саатуулан, буудалд хорьж улмаар тэднийг хүчиндсэн талаарх мэдээлэл өчигдөр “Straits times” сайтад гарчээ. Тодруулбал, малайзын Петалинг Жаяа хотын замын пост дээр ажиллаж байсан цагдаагийн алба хаагч 20 настай, 30 настай хоёр монгол эмэгтэйг “хууль бусаар амьдардаг, жолооны болон амьдрах эрхийн картгүй байсан” гэх үндэслэлээр саатуулсан аж.
Улмаар тэднийг хүчээр саатуулан, баривчилсан газрынхаа ойролцоох зочид буудалд 24 цаг хорьж хүчинджээ. Энэ хэргийг 30 орчим насны цагдаа залуу ганцаар үйлдсэн болохоо баривчилгааны явцад хүлээсэн байна. Петалинг Жаяа хотын Цагдаагийн газар хэргийн мөрөөр шалгаж, бямба гарагийн 21:30 цагийн орчимд зочид буудлаас хоёр монгол эмэгтэйг суллажээ.
Гэхдээ Петалинг Жаяа хотын цагдаагийн төлөөлөгч Ник Эзане Мохд Файсал хэргийн талаар “Хэргийн газраас нэмэлт нотолгоо илрүүлэхээр шинжээчид ажиллаж байна. Ийм хэрэг гарсанд бид маш их харамсаж байна. Цагдаагийн албан хаагч эрх мэдлээ буруугаар ашиглах явдалтай бид хуулийн хүрээнд бүх аргаар тэмцэх ёстой. Мөрдөн байцаалтыг удахгүй дуусгана” гэж хэвлэлд ярьсан байна.
Энэ хэргийн талаар ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгчөөс тодруулахад “Манайд ийм мэдээлэл ирээгүй. Тодорхой мэдээлэл ирвэл хариу хэлье” гэсэн. Түүнчлэн ГХЯ-ны хэвлэлийн зөвлөхтөй холбогдоход “Би эмнэлэгт хэвтэж байна. ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг орон нутагт ажиллаж байгаа. Ирэхээр нь бид зөвлөлдсөний эцэст мэдээлэл өгье” гэв. Ийм хэрэг гарсан байтал, ГХЯ-ны манайд ийм мэдээлэл ирээгүй гэж байгаа нь хариуцлагагүй үйлдэл мөн. ГХЯ-ны хариуцлагагүй үйлдлээс болж гадаадад оршин суугаа иргэдийн эрх зөрчигдсөөр байгаа нь харамсалтай.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.