Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсээс ХОМ-ийг хянан шалгах явцдаа хөрөнгө, орлого нь хэт өссөн болон давтамжтайгаар өсөж байгаа албан тушаалтнуудын орлогын байдалд харьцуулалт судалгаа хийж эхэлжээ. Улмаар өөрийн болон гэр бүлийн гишүүдийн үүсгэн байгуулж хувь эзэмшиж байгаа байгууллагын үйл ажиллагааны орлого, компанийн ногдол ашиг, хөрөнгө борлуулсны орлого нь их хэмжээтэй буюу их хэмжээгээр нэмэгдсэн байдалд нарийвчилсан хяналт шалгалтыг явуулж байна.
Энэ хүрээнд 800.0 сая төгрөгөөс 3.0 тэрбум төгрөг хүртэлх хөрөнгө, орлоготой зарим албан тушаалтны мэдүүлгийг хянасан байна. Ингэхэд зөрчилтэй мэдүүлэг хэд хэд гарчээ.
Тухайлбал, Б гэгч нь нэр бүхий ХХК-ийн 100 хувийг эзэмшдэг, улмаар мэдүүлгийн “Орлого” хэсэгт уг компанийн үйл ажиллагааны орлого 2018 онд - 2,428,179,400 төгрөг, 2019 онд - 3,169,350,050 төгрөг гэж тус тус мэдүүлсэн байна.
Тиймээс ХОМ-т бүртгүүлсэн орлого нь хууль ёсны эсэх, татвар төлөгч ААН, байгууллага, хуулийн этгээд нь хуульд заасан хугацаанд татвараа үнэн зөв мэдүүлсэн эсэх, татвараас зайлсхийсэн үндэслэл байгаа эсэх, тэдгээрийн татварын ногдуулалт, төлөлтийн байдлыг хянан шалгуулахаар Татварын байгууллагад холбогдох мэдээллийг хүргүүлжээ.
Цаашид Авлигатай тэмцэх газраас албан тушаалтны хууль бус орлого, хөрөнгийн байдлыг илрүүлэхэд Татварын ерөнхий газар болон бусад бүртгэл, хяналтын байгууллагатай хамтран ажиллаж ажээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.