12 настай Брэндон Смит ихэвчлэн төрсөн өдрөө Техас мужийн Хьюстон хотын гольфийн талбай эсвэл соёл амралтын хүрээлэнгээр аавтайгаа хамт аялан, тэмдэглэдэг аж.
Гэвч энэ жилийн төрсөн өдрөөрөө тэрээр коронавирусийн тахлын улмаас ээлжит адал явдалдаа гарч чадсангүй. Тиймээс түүний аав Жоди Смит газрын зураг задлан шинжлэх дуртай хүүдээ зориулан онцгой бэлэг барихыг хүсч, Твиттерт ханджээ.
"Энэ бол миний хүү Брэндон. Өнөөдөр түүний 12 насны төрсөн өдөр. Би түүний хүсэж буй үдэшлэгийг хийж чадахгүй. Гэхдээ Брэндон газарзүйд дуртай. Хэрэв та энэхүү жиргээнд хариулан хаана байгаагаа бичвэл Брэндон газрын зураг дээрээ тэмдэглэн маш их баярлах болно" хэмээн өөрийн Твиттер хуудсанд бичжээ.
Жоди Смит цөөн хэдэн хариу ирнэ гэж бодсон боловч түүний жиргээ Твиттерээр дамжуулан дэлхийгээр таржээ. Дэлхийн өнцөг булан бүрээс мянга мянган хүмүүс өөрсдийн байршил, мөн зургуудаа ч илгээх болов.
Шинэ байршилтай хүн хариу өгөх болгонд Брэндон газрын зураг дээрээ байршлыг нь цэгээр тэмдэглэх ба танихгүй хэдэн газруудыг эс тооцвол ихэнхдээ өөрөө шууд тэмдэглэсэн байна. Түүнд илгээсэн гайхалтай хариултуудын дунд Антарктикийн нэгэн эрдэмтний илгээсэн шууд бичлэг байв.
CNN-д өгсөн ярилцлагадаа Брэндон олон хүн түүнтэй байршлаа хуваалцаж байгаад "маш их баяртай байна" гэжээ. Газрын зургийн явцын хувьд Брэндон хүмүүс хариу өгсөөр л байвал үргэлжлүүлэн тэмдэглэсээр байх болно гэжээ.
Эх сурвалж: CNN
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.