БНХАУ-д коронавирусийн улмаас Африк гаралтай цагаач иргэдийг гадуурхах, орон байраас нь албадан хөөн гаргах, зочид буудлууд хүлээж авахаас татгалзах зэрэг үйлдэл гаргасан нь цахим орчинд газар аваад байгаа юм. Уг хүнлэг бус явдалтай холбогдуулан Хятадын Засгийн газар дипломат харилцаанд сэв суулгаж байна гэх шүүмжлэлд өртөж байна.
Африкийн холбоо, тус тивийн Засгийн газрууд төдийгүй АНУ Бээжинд дарамт үзүүлж өнгөт арьстай цагаач иргэдэд хүнлэг хандахыг шаардаж байна. Гана, Нигери, Кени, Уганда улсуудын эрх баригчид Хятадын Засгийн газраас ялгаварлан гадуурхсан үйлдэлд тайлбар нэхжээ.
Гана улсын Хятадад амьдардаг иргэн шөнийн цагаар цахим орчинд тавьсан бичлэгт ачаа тээш нь гудамжинд шидэгдсэн байдлыг харуулж “өнөө шөнө хаана хонохоо мэдэхгүй байна” хэмээн өөрт тохиолдсон явдлыг өгүүлжээ. Мөн өөр нэг бичлэгт хэсэг бүлэг өнгөт арьстай хүмүүсийг Хятадын цагдаа нар бороотой үдэш гудамжинд чирж гаргасныг харуулжээ. Уг бичлэгт “тэд биднийг хөөсөн учир гудамжинд яахаа мэдэхгүй зогсож байна. Бидэнд байрлах газар, зочид буудал ч олдохгүй байгаа. Тэд бидэнтэй хамт нэг газарт байрлахыг хүсэхгүй байна” гэж ярьжээ.
Хятадад коронавирусийн халдварын тохиолдол буурсан ч шинэ долоо хоногийн эхэнд эргэн өссөн тоо баримт гарсан. Тэдгээр тохиолдлуудын дийлэнх нь гаднаас зөөвөрлөгдөн ирсэн гэж үзсэн тул гадны иргэдэд хатуу чанга хориг тавихыг Засгийн газар уриалжээ.
Халдвар тархаж эхлэхэд Бээжин Африкаас ирсэн оюутнууд болоод бусад цагаач иргэдийг улс орныг орхин гарахыг шаардсан ч зарим нь үлджээ. Өнгөрсөн долоо хоногт Гуанжоу хотод амьдардаг Нигери улсын таван иргэн Ковид-19-өөр халдварласан болохыг тогтоожээ. Тэд хорио цээрийн дэглэм зөрчиж, зоогийн газраар үйлчлүүлж халдвар авч, тараасан хэмээн Хятадын төрийн мэдлийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулсан байна.
Энэ мэдээлэл нь гадны иргэдийг гадуурхах үзлийг өдөөсөн гэж үзжээ. Угандагаас ирсэн 24 настай оюутанд дөрөв хоногийн турш байрлах газар олдоогүй тул гүүрэн доор хонож, дэлгүүр, зоогийн газрууд үйлчлэхээс татгалзсан тул юм идээгүй тухайгаа ярьжээ.
Хятадын Гадаад хэргийн яамны төлөөлөгч энэ асуудалд анхаарал хандуулж, буруу ойлгогдсон зүйлсийг залруулахаа мэдэгдсэн байна.
Эх сурвалж: The Quartz
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.