Дөрөвдүгээр сарын 9-ний орой Эрхүүгийн Ангарск хотын 15-р хорих ангид бослого дэгджээ. Улмаар 9-10-нд шилжих шөнө хорих ангид их хэмжээний гал гарж, хоригдлууд гомдол гарган орилж байгаа нь сонсогдох бичлэгүүд цахим ертөнцөөр тархаад байна.
1300 орчим хоригдолтой тус байгууламжийн 30,000 метр квадрат талбайг хамарсан түймэр дэгдэж, цагдаа нар шорон руу чиглэсэн замыг хаан, гадны хүн орохыг хориглосон байна.
Эрх баригчдын хэлснээр энэхүү бослогыг харуулын биед халдсан нэгэн хоригдол эхлүүлсэн гэв. Харин хоригдлуудын хэлж буйгаар харуул хоригдлыг зодсоны дараа тэрээр амиа хорлохыг завдсан бөгөөд дараа нь 17 хоригдол мөн эсэргүүцлээ илэрхийлж, бугуйгаа зүсжээ.
Ангарск хотын "Время" сонины мэдээлснээр энэхүү бослогод 120 хоригдол оролцсон бөгөөд нэг хамгаалагч толгойдоо гэмтэл авсан гэнэ.
Бүс нутгийн албаныхан дөрөвдүгээр сарын 11-нд шоронгийн нөхцөл байдал "хяналтад орсон" хэмээн мэдэгджээ. Тэд түймэрт хоригдлуудыг буруутгав.
Шатсан хорих ангийн балгаснаас нэг хоригдлын цогцос олдсон гэж Оросын төрийн мэдээллийн хэрэгслүүд мэдээлэв. Үхлийн шалтгааныг мэдэгдээгүй ч хоригдлуудтай холбоо тогтоосон орон нутгийн хэвлэл мэдээллүүд хамгаалалтын албаныхан барилга руу дайрч орох үеэр хохирогч амиа хорлосон гэжээ. Мөн 300 орчим хоригдол гэмтэж бэртсэн байна.
Хоригдлуудын эрхийг хамгаалах байгууллагуудын мэдээлснээр коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд айлчлал, илгээмжийг хориглосонд хоригдлууд сэтгэл дундуур байсан аж.
Эрхүү мужийн Мөрдөн байцаах хороо уг хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн судалж байна.
Эх сурвалж: rferl.org
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.