Коронавирусийн цар тахлын уршгаар дэлхий даяар хүнсний бүтээгдэхүүн тээвэрлэхэд хүндрэлтэй болж байгаа ажээ. Тухайлбал: Филиппиний будаа, гурилын импорт дамждаг гол боомт ачааллаа дийлэхгүй, энэ долоо хоногт хаагдах эрсдэлтэй байгаа аж. Үүний зэрэгцээ кофегоороо алдартай Гватемал, Гондурасын боомтын ажиллах цаг богиноссон нь дамжин өнгөрөх ачаа тээврийн хэмжээг хязгаарлахад хүргэжээ. Мөн хөл хорионы улмаас олон хүн цугларахыг хориглосон тул ачаа буулгаж, ачих хүн хүрэлцэхгүй байгаа аж. АНУ-д л гэхэд Лос Анжелесын боомтын тээвэр 31 хувиар буурсан байна.
Халдварын цар хүрээ тэлж дэлхийн хүнсний хэрэгцээний гол бүтээгдэхүүнийг нийлүүлдэг ОХУ, АНУ болон Өмнөд Америкийн боомтын ажиллагаа зогсвол дэлхий даяар хомсдол үүсэх эрсдэлтэй гэдгийг холбогдох албаныхан онцолж байна. НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллагын тэргүүн Цюй Донгю “Дэлхий дээр бүгдийг хооллох хэмжээний хүнс бий. Харин энэ хүнсийг хэрэгцээтэй газар нь хүргэж чадахгүй болох эрсдэл асар өндөр байна” гэдгийг онцолсон байна.
Тэрбээр хүнсний бүтээгдэхүүний экспортыг хэрхэвч хязгаарлаж болохгүй хэмээгээд ийм хязгаарлалт хийвэл дэлхийн зах зээл дээр тасалдал бий болж, үнэ хөөрөгдөн, олон хүн хүнсний хомсдолд орж, чинээлэг орнуудад ч нийгмийн зөрчилдөөн үүсч болзошгүйг анхааруулжээ. НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага ийнхүү санаа зовних шалтгаан бий. Учир нь, цагаан будааны экспортоороо дэлхийд гуравдугаарт ордог Вьетнам Улс уг бүтээгдэхүүний экспортыг зогсоосон. Казахстан улаан буудайн гурил, гурвалжин будаа, лууван, сонгино, төмс зэрэг ногоо экспортлохыг хориглосон бол Орос хилийн чанад руу гурвалжин болон цагаан будаа гаргахгүй, Беларусь гурвалжин будаа, сонгино, сармис хилээр гаргахыг хориглоод байгаа юм.
Мөн улаан буудайн томоохон экспортлогч болох ОХУ үр тарианы нийлүүлэлтээ зогсоовол байдал хүндэрнэ гэж барууны шинжээчид үзэж байна. Тиймдээ ч Чикагогийн бирж дээр улаан буудайн үнэ хоёр долоо хоногт 11 хувиар өсчээ. Гэхдээ ОХУ, Казахстан, Украин улаан буудайн экспортдоо хязгаарлалт тогтоох гэж буйгаа хэдийн зарласан.
Ц.Даваасамбуу
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.