Коронавирус анхлан тархсан БНХАУ-ын Ухань хотод хорио цээрийн дэглэм бүрэн тавигдаагүй ч зарим хөл хориог цуцлаад байгаа юм. Сүүлийн таван долоо хоногийн хугацаанд Хятадад коронавирусийн халдварын тохиолдол маш бага тоотойгоор бүртгэгдэж, ихэнх нь хил даван зөөвөрлөгдөн орж ирсэн гэдгийг мэдээлж байсан.
Тэгвэл ням гарагт тус улсад ойрын сар хагасын хугацаанд хамгийн олон буюу коронавирусийн халдварын 108 шинэ тохиолдол бүртгэгдэж, хоёр хүн нас баржээ. Ингэснээр Хятадад халдварын тохиолдол 82,160 болж, нийт 3,341 хүн нас бараад байна.
Эрдэмтэн судлаачид коронавирусийн хоёр дахь давалгаа Азийн орнуудыг дахин давалгаалж болзошгүй тул хорио цээрийг гэнэт цуцалж болохгүй гэдгийг анхааруулсан билээ.
Азийн бусад улс орнуудыг харвал БНСУ-д ням гарагт халдварын 32 шинэ тохиолдол илэрч нийт 10,521 хүн халдвар авсан байна. Харин БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун амралтын өдрүүдэд улс төрийн товчоотой хуралдаж коронавирусийн эсрэг эсрэг авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцжээ. Одоогоор Умард Солонгост коронавирусийн халдвар илэрсэн гэх албан ёсны мэдээлэл байхгүй.
Ислам шашинтай улс орнуудад Рамадан сар эхлэх гэж байгаа тул дэлхий дээр хамгийн олон исламын шашинтай иргэн амьдардаг Индонези улсад олон нийтийн тээврийн хэрэгслийг хязгаарлахаар зэхэж байна. Рамадан сард сая сая иргэн гэрлүүгээ буцаж их нүүдэл болдог тул вирусийн тархалтыг нэмэгдүүлж болзошгүй хэмээн сэрэмжилж байгаа юм.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.