Экологийн цагдаагийн албаны алба хаагчид таван хэрэг илрүүлэн, мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлжээ. тус таван хэргийн дөрөв нь химийн хорт бодис болох мөнгөн усыг хадгалж байсантай холбоотой аж.
Тодруулбал, Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт алт, мөнгө, монет худалдан авдаг түрээсийн өрөөндөө иргэн О нь химийн хорт, аюултай бодис болох 175 грамм мөнгөн ус хадгалж байсныг илрүүлэн, эд мөрийн баримтаар хураан авч, мөрдөн шалгах ажиллагааг эхэлсэн байна. Мөн Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн д нь “Приүс-20” маркийн тээврийн хэрэгсэл дотроо 24.2 кг мөнгөн ус худалдан борлуулах зорилгоор хадгалж байсныг илрүүлжээ. Үүнээс гадна мөнгөн ус хадгалж байсан хоёр хэрэг Чингэлтэй дүүрэгт гарсан байна. Түүнчлэн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Н, Б, Э, Ш нар нь ашиг олох зорилгоор “нэн ховор амьтан”-ны жагсаалтад орсон амьтдын түүхий эдийг хадгалан борлуулж байсныг илрүүлжээ. Үүнд цаа бугын дөрвөн эвэр, аргалийн хоёр эвэр, янгирын нэг эвэр, тас шувууны хөл, саарал чонын дөрвөн арьс, хүрэн баавгайн нойтон арьс, гавлын яс, гурван соёо, дөрвөн ширхэг савар байсныг эд мөрийн баримтаар хураан авчээ. Мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлэн, ажиллаж байгаа аж.
А.Дөлгөөн
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.