Викилийкс цахим хуудсыг үүсгэн байгуулагч Жулиан Ассанж Их Британийн нийслэл Лондон хот дахь Эквадор улсын элчин сайдын яамнаас орогнол хүсч 2012 оноос хойш амьдарч байгаад жилийн өмнө хөөгдөж Белмаршийн хорих газарт саатуулагдаж байгаа юм.
Ассанж Эквадорын элчин сайдын яаманд орогнох долоон жилийн хугацаанд хоёр ч хүүхдийн эцэг болсноо нууцалсан байжээ. Түүний хүүхдүүдийн ээж Стелла Моррис 2015 оноос эхлэн Ассанжтай дотноссон гэдгээ олон нийтэд зарлаж, хоёр жаахан хүүгээ өөрөө өсгөж байгаа гэдгийг хэлжээ.
Нууцаа задлах болсон шалтгаан нь Жулиан Ассанжийн хоригдож буй Белмарш хорих газарт Ковид-19 тархсан тул хүүхдүүдийнхээ эцгийн эрүүл мэндэд түгшсэн байна. 48 настай Австралийн иргэн Ассанж эрүүл мэндийн байдлаас шалтгаалан батлан даалтад суллагдах хүсэлтээ гаргаад байгаа ажээ.
Түүний хоёр ч хүүхдийг гаргасан Моррис нь Өмнөд Африкт төрсөн, хуульч мэргэжилтэй юм байна. Хамгийн анх 2011 онд Ассанжийг хамгаалах өмгөөлөгчдийн багт нэгдсэнээр түүнтэй уулзаж байжээ. Үүнээс хойш Ассанжийн сайн байгааг мэдэхийн тулд бараг өдөр бүр Эквадорын элчин сайдын яаманд зочилсоор 2015 онд хос нэгэндээ дурлаж, хоёр жилийн дараа сүй тавьжээ.
Ассанж хөвгүүдээ төрөхөд нь дэргэд нь байх боломжгүй байсан учир видео бичлэгээр харсан байна. Хөвгүүд эцгийгээ хорих газарт шилжихээс өмнө элчин сайдын яаманд очиж уулздаг байжээ. Том хүү Габриель нь гурван настай бол бага хүү Макс нь нэг настай ажээ.
Эх сурвалжуудын мэдээлснээр Ассанж насанд хүрсэн Даниель Ассанж нэртэй хүүтэй ба өөр дахиад хэд хэдэн хүүхэдтэй ч байж магадгүй юм.
Их Британид коронавирусийн халдвар нэмэгдсээр байгаа бөгөөд мянга гаруй хоригдлоос Ковид-19 илрээд байна.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.