Туркийн Истанбул хотын нисэх буудалд зорчигч тээврийн нисэх онгоц нислэгийн зурваст гулгаж гурван хэсэг хуваагдсанаас гурван хүн амиа алдаж, 150 гаруй хүн гэмтэж бэртсэн байна.
Пегасус Эйрлайнсийн Боинг 737 онгоц 171 зорчигч, нислэгийн багийн зургаан гишүүний хамт баруун нутгийн Измир мужаас Сабиха Гокчен нисэх буудалд осолджээ. Онгоц газардах үед хүчтэй салхилж, ширүүн бороо асгарч цаг агаарын таагүй уур амьсгалтай байжээ. Ослын дараа нисэх буудлыг хааж, бусад нислэгүүдийн чигийг өөрчилсөн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр онгоцон дотор байсан зорчигчдын дийлэнх нь Туркийн иргэд байсан ч гадны 20 гаруй иргэн байсан гэжээ. Онгоц дотроосоо шатаж эхэлснийг харуулсан бичлэгийг цахим хуудсанд байршуулсан бөгөөд гал сөнөөгчид унтраасан байна.
Пегасус Эйрлайнс нь 47 ширхэг Боинг, 36 ширхэг Эйрбус онгоцтойгоор 20 гаруй жилийн турш нислэг үйлдсэн туршлагатай компани хэдий ч ойрын жилүүдэд нислэгийн зурваст онгоц газардуулахдаа бага хэмжээний осол аваар гаргах нь олширчээ.
Эх сурвалж: BBC