Коронавирусээр дэлхийн 1,8 сая иргэн халдварлаж, 110,000 гаруй хүн нас бараад байна. Шинэ долоо хоногийн эхэнд халдварын голомт болоод буй Итали, АНУ-ын Нью-Йорк мужуудад тархалт болоод эндэгдэл бага зэрэг буурсан үзүүлэлтүүд ажиглагджээ.
Харин Их Британи улс Европын шинэ голомт болж магадгүй гэдгийг мэргэжилтнүүд сэрэмжлүүлж байна. Тус улсад коронавирусийн улмаас нас барсан иргэд 737-оор нэмэгдэж 10,612 болжээ. Улмаар Америк, Испани, Итали, Франц улсуудын дараа тавдугаарт орж байна. Их Британид нийт 85,000 орчим иргэн халдвар аваад байгаа юм.
Эрүүл мэндийн сайд Мэтт Ханкок хүнд хэцүү өдрүүд өнгөрч байгаа хэдий ч хорио цээрийн дэглэмийг чандлан сахиж гэрээсээ гарахгүй байгаа иргэдийн хүчин чармайлтыг сайшаасан байна. Эх сурвалжийн мэдээлснээр их британичуудын өгч буй тоо мэдээ нь зөвхөн эмнэлэгт нас барсан иргэдийн мэдээлэл бөгөөд эмнэлгээс гадуурх эндэгдлийг тооцоогүй ажээ.
Энэ хооронд Ерөнхий сайд Борис Жонсоны биеийн байдал сайжирч, эмнэлгээс гараад байна. Тэрээр амь насыг нь аварсан эрүүл мэндийн ажилтнуудад талархал илэрхийлжээ.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.