Оскарын шагналт жүжигчин Майкл Дугласын аав Кирк Дуглас 103 насандаа хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн тухай эх сурвалжууд дамжуулж байна. Тэрээр 60 гаруй жилийн турш Америкийн кино урлагийн салбарт уран бүтээлээ туурвин дүрээ мөнхөлсөн юм.
Дэлгэцийн бүтээлээс гадна тайзны уран бүтээлд хүлээн зөвшөөрөгдсөн агуу жүжигчин байсан Кирк Дуглас 1916 онд Нью-Йоркод мэндэлжээ. Тэрбээр Холливудын алтан үеийн түүхийг бичилцэж, 1949 онд анх удаа Оскарын шагналд нэр дэвшсэн байна.
Түүний хүү Майкл Дуглас эцгийнхээ тухай дурсахдаа “гэр бүлийнхээ хамт хайрт эцэг Кирк Дуглас биднийг орхин одсон гэдгийг дуулгахад эмгэнэлтэй байна. Тэр бол кино урлагийн түүхийн алтан үеийн жүжигчин, домог, ах дүүс бидний хувьд аав минь байсан юм. Ааваа, би тандаа маш их хайртай, таны хүү болж төрсөндөө мах их бахархаж байна” хэмээн аавынхаа 103 насны төрсөн өдөрт хэлсэн үгээ дахин сийрүүлжээ.
“Спартакус”, “Стэнли Кубрик” зэрэг алдартай бүтээлүүдэд дүр бүтээж, “Чэмпион”, “Муу бас гоо үзэсгэлэнтэй”, “Амьдралын шунал” зэрэг кинонд бүтээсэн дүрээрээ гурван удаа Оскарын шагналд нэр дэвшжээ. 1996 онд Оскарын шагналын хороо түүний Холливудад зориулсан 50 жилийг үнэлж Оскарын хүндэт шагналыг гардуулсан байна.
Олны дунд Дугласын гэр бүлийнхэн урт удаан насалдаг тухай цуу үг байдаг бөгөөд 75 настай Майкл энэ тухай тайлбарлахдаа аль болох шог хошин мэдрэмжтэй байж, стрессээс ангид байх нь тустай хэмээн өгүүлжээ.
Эх сурвалж: BBC