Эрүүл мэндийн яамнаас өдөр бүрийн 11 цагт хүргэдэг коронавирусийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг хүргэе.
Коронавирус одоогоор дэлхийн 213 улс улсад тархаад байна. Хамгийн сүүлд Йемен улсад бүртгэгдлээ. Дэлхий даяар тархац өндөр байна гэж ДЭМБ мэдээлж байна. Харин АНУ-ын хувьд оргил тархац буурч байна гэсэн таатай мэдээлэл байна. Өнгөрөгч өдрүүдээс 1 хувиар буурсан гэжээ.
Европ тивийн хувьд тасралтгүй нэмэгдэж байна. Өөр нэг санаа зовоож байгаа тив бол Африк. Африк тивд эмнэлгийн тогтолцоо сул хөгжсөн учир коронавирусийн эсрэг авах арга хэмжээнд хүндрэл үүсэх магадлалтай байна.
ДЭМБ-аас зургаан арга хэмжээ авч хэрэгжүүлэх ёстой гэж улс орнуудад уриалж байна. Үүнд:
-Өвчлөлийг бүрэн хянах
-Эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг хангах
-Эмнэлгийн халдвараас сэргийлэх
-Олон хүн цугларсан арга хэмжээ зохион байгуулахгүй байх
-Зөөвөрлөгдөн орж байгаа тохиолдлуудыг тогтмол хянах
-Хамт олны оролцоог сайжруулах /иргэн бүрийн оролцоо чухал/ гэжээ.
Азийн тивийн хоёр улсад өвчлөл их байна. Япон улсад өнгөрсөн 24 цагийн дотор 589 шинэ тохиолдол бүртгэгдсэний 199 нь Токио хотод байна. Коронавирусийн тархац улирлын томуутай хавсарч байгаа нь өвчлөлийг нэмэгдүүлж байна хэмээн үзэж байна. Харин БНСУ-ын хувьд 30 шинэ тохиолдол бүртгэгдлээ.
Манай хөрш ОХУ-ын хувьд одоогоор 18 хүн нас бараад байгаа. Улаан-Үүд хотод 60 хүн халдвар авснаас 1 хүн нас барсан. Эрхүү хотод 21 тохиолдол бүртгэгдсэнээс 2 хүн нас бараад байна. Тувад нэг тохиолдол өчигдөр бүртгэгдлээ.
Монгол улсын 16 иргэн халдвар авснаас дөрөв нь эмчлэгдэн гарч, 12 хүн тусгаарлалтад байна. Иргэдэд амны хаалтаа тогтмол зүүх, гадуур явахгүй байх, явсан тохиолдолд 1.5м-2м зайтай явах, гараа сайн угаах хэрэгтэйг дахин сануулъя. Одоогоор коронавирусийн вакцин гараагүй байгаа учир иргэд өөрөө өөрсдийгөө сайн анхаарах хэрэгтэй байна.
Хилийн чанадаас орж ирсэн 1425 хүнийг тусгаарлалтад хамруулаад байгаа. Өнгөрсөн 24 цагийн байдлаар Монгол улсад сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй байна. 371 хүн шинжилгээ хийхэд бүгд "сөрөг" гарсан.
Сэлэнгийн тохиолдолтой ойрын хавьталттай 265 хүнийг шинжлэхэд вирус илрээгүй. Ойрын хавьтлын хүмүүс Дархан, Эрдэнэт хотод очсон байсныг шинжиллээ.
ХӨСҮТ-д тусгаарлагдсан зургаан иргэнээс давтан шинжилгээ авахад бүгд "сөрөг" гарсан. ХӨСҮТ-д одоогоор 203 хүн тусгаарлагдаад байгаа.
Халдвар авсан хүмүүсийн биеийн байдал тогтвортой байна. Гадаадад халдвар авсан долоон иргэн гэрээр эмчилгээ хийлгэж байгаа. Бид ар гэртэй нь холбооой байгаа. ОХУ, Швейцарь, Ирланд улсад байгаа иргэд.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.