СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Дуучин Н.Энхбат: Ээж, аавыгаа бурхан мэт шүтэж яваарай

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.БУДРАГЧАА
4 жилийн өмнө

Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан, дуучин Насанцогтын Энхбаттай цөөн хором ярилцлаа. 

-Та бурхны оронд заларсан ээждээ зориулж ил захидал бичсэн. Яагаад, юуны учраас энэ захидлыг бичих болов?

-Миний муу ээж бурханд залраад 18 жил болсон байна шүү. 2002 оны дөрөвдүгээр сарын 10-нд муу хүүгээ хүний орчлонд орхиод холын холд аргалд явсан өдөр өнөөдөр тохиож байна. Хүний нас цаашлах тусам нутаг, ээж хоёр наашилдаг гэж. Нас ахихын тоолонд ижийгээ боддог, дурсан санадаг юм байна. Тийм болохоор бие барсан өдөр нь ижийгээ дурсаж санахын эрхээр ээждээ захидал бичиж байгаа юм.

Энэ захидлын минь агуулга нь юу гэхээр над шиг хорвоогийн жамаар ижийгээ алдсан хүмүүс уярч, бодож, хувь тавилангийн ерөөлөөр ижийтэйгээ байгаа хүмүүс ухаарч, ижийдээ мөргөж, ижийгээ шүтэж явбал энэ насны хамгийн дээд буян юм гэж энэхүү захидалдаа бичсэн.

Би 2011 онд өөрийн насан баярын өдрөөр ээждээ зориулж, ээжийгээ дурсаж “Ээжээ хүү нь дуулж л явна” гэдэг нийтлэл бичиж байсан юм. Энэ нийтлэлдээ би “Гуравдугаар сарын 27-ны өдөр Н.Энхбат гэдэг хүний хорвоод мэндэлсэн өдөр боловч яг үнэндээ миний ээж орчлон хорвоод хүүтэй болсон хязгааргүй том баяр юм” гэдэг ухаарлыг бодож бичсэн. Өөрөө төрсөн гэж дайлга цайлга, архи дарс болж байхаар ээжтэй нь ээж дээрээ очиж мөргөж, гарынх нь хоол цайг идэж уугаад суувал нээх сайхан. Ижийгүй болсон нь бурхан тахилдаа зул хүж өргөж залбираад буян номын үйл бүтээвэл нэг их сайхан буян болно доо гэж бодож бичсэн.

Миний ижий 10 хүүхэд төрүүлж өсгөсөн. Тэр дундаас миний ээж надад арай жаахан илүү байсан. Яагаад гэхээр манай аавын ээж нь бурхан болохынхоо өмнө аав, ээж хоёрт минь “Би эргэж хүү болж төрнө” гэж хэлсэн юм гэнэ лээ. Тэгээд бурхан болсноос нь хойш нэг их удалгүй би олдсон гэж. Их сонин шүү. Намайг багад хөгшин хүний сүнс гэж хэлдэг. Би багадаа сүүтэй цайнд дуртай. Хөгшчүүл дээр орж цай ууж ярьж суух дуртай хүүхэд байсан.

Ижий минь бурхан болохдоо ижийнхээ ачааг чи үүрнэ шүү гэж захисан учраас захиасыг нь биелүүлэх гэж хэдэн дүү нартаа зарим үед, аав нь, ээж нь, ах нь болж, бүр заримдаа цагдаа болж явна даа. /Инээв/

-Залуус дүү нартаа юу гэж захимаар байна?

-Бурхан багшаас илүүтэй энэ орчлонд нэг л хүн байгаа. Энэ бол ээж, аав хоёр. Бидний амьд явж байгаа, эрүүл саруул яваа энэ биеийг, аминаасаа амь төрүүлсэн хүн бол ээж юм. Ээж хүн гэдэг бурхан багшаас илүү буянтай, илч энергитэй, чадал чансаатай, авшигтай шүтээн хэмээн санаж шүтэн мөргөх ёстой. Ижий, аавгүй бол энэхэн хорвоод бид хэн билээ. Тиймээс энийг санаж ээж, аавыгаа бурхан мэт шүтэж залбирч яваарай гэж хэлье.

Дуучин Насанцогтын ижийдээ зориулж бичсэн захидлыг бүрэн эхээр нь толилуулж байна.

Амар байна уу Ээжээ

Та минь буман дарь эх заларсан энхжингийн орондоо түмэн зулын гэрэлд амар амгалан сууна уу.

Алтан нар, амьтай бүхнийг алагчлалгүй илч гэрлээрээ ээж, дулаацуулдагийн нэгэн адил ачит ижий минь та халуухан хайраараа хүүгээ өсгөж гарыг минь ганзганд, хөлийг минь дөрөөнд хүргээд бурханы орондоо зорьжээ. Хүний амьдрал богинохон, цаг хуацаа гэж хурдан юмаа ээжээ. Бурханд заларсан таныгаа үгүйлж буурал хорвоод танаараа дутаж, таныгаа дуудаж таныгаа дуулсаар үртэй бүхэн төлжиж үндэстэй бүхэн дэлгэрсэн 18 дахь хавартайгаа золгож муу хүү нь тандаа захидал бичиж сууна.

Хэдэн жилийн өмнө хүүгийн тань насан баярын өдөр тохиож “Миний ижий орчлон хорвоод хүүтэй болсон ээжийн минь баярын өдөр” хэмээн өөртөө, бас өрөөлд дуулгаж “Ээжээ хүү нь дуулж л явна” дурсамж нийтлэлээ бичиж тэнгэрт суугаа тандаа илгээсэн та минь хүлээн авсан бизээ. 

Санчиганд минь хяруу сууж сэтгэл минь дотогшоо өмөлзөхийн цагт амьнаасаа амь төрүүлсэн амьд бурхан, алтан нутаг хоёроо л даан ч их санах юм. Нас цаашлах тусам нутаг, ээж хоёр наашилдаг юм байна шүү ээжээ. Арван хүүхэд төрүүлж өсгөн “Алдарт эх”-ийн хос одонгоор энгэрээ гоёсон та минь биднийгээ: ‘’Ухаан байвал нас багададггүй юм” хэмээн ухааруулж өсгөсөн сүүтэй бурхан шүтээн минь билээ. Бид хэд чинь хоорондоо хоёр, хоёр насны л зайтай таныхаа алтан хэвлийгээс унасан өнөр бүлийн ахан дүүс. Нэгийг нь дөнгөж л хоёр нас хүргээд дараагийн хүүхдээ төрүүлж өсгөн ар гэр, ахуй амьдрал, цаг наргүй хөглөрсөн их ажлыг ёстой гадаа гарч эр, гэрт орж эм болж борви бохисхийх завгүй л амжуулж явсан даа ээж минь.

Ээжийнхээ ахадсан их ачааных нь хажуугаар хүүхэд насны гэнэн томоогүй, дөнгөж л сургуульд орсон үедээ машины цонх хагалсан хэрэг тарьж таныгаа зовоож явсан минь сэтгэлээс ер гардаггүй юм. Тэр үед аав минь сумын мал эмнэлэгт оношлох кабинетийн бага эмчээр ажиллах болж манайх мал эмнэлгийн хашаанд буусан байлаа. Хашааны гадаа Улаанбаатараас ирсэн ЗИЛ-130 машин зогсож байсан юм. Хүүхэд л болсон хойно  сониучхан зантай  юм юм л үзэж,  харж сонирхож явна. Хашаан дээр хэдэн болжмор сууж байхаар нь чулуу аваад шидтэл нөгөө машины жолооч талынх нь шилийг хагалчихлаа шүү. Бушуухан гэртээ гүйж ороод ахад  хэлтэл тоосон шинжгүй хичээлээ хийгээд хэвтээд  байна.Тэгэхэд ээж минь та сургуулийн халуун усны газар ажиллаж байсан даа. Айж сандарч таны ажил дээр хар хурдаарааа гүйж очоод цаад өрөөнд чинь бушуухан  орж  бутанд хярсан бүжин аятай буланд шигдэж чимээ чагнан завсар нүхээр харж суулаа. Төд удалгүй машины жолооч бололтой  хэн нэгэн орж ирээд “Насанцогтын авгай  байна уу” гэж асуухад та минь “Би байна” гэхэд өнөө хүн “Танай танхай  хүү миний машины цонхыг хагалчихсан байна ” гэж нилээн ширүүхэн хэлж байгаа сонсогдлоо. Та хүүгээ дуудаж гаргаж ирээд үнэн үү гэж асуухад нь   би ч толгойгоо даран доош харан  ''тийм' гэж билээ. Жолооч ах сургуулийн дотуур байрны хоёр хүүхэд дагуулж, нэг нь  хагарч бутарч, үүрмэг болсон  цонхны шил хормойлсон зогсож байлаа. Ингээд муу хүүгийн тань тарьсан хэрэг тэр дороо нотлогдож, та минь “За та орой манайд хүрээд  ирээ  аавд нь хэлж төлж өгье” гээд салцгаалаа. Орой нөгөө жолооч ах манайд ирэхэд  аав маань хөөрхий хагалсан цонхны төлбөрт 57 төгрөг өгсөнийг та санаж байна уу.

Тэр үед мөнч их мөнгө сонсогдож,  санагдаж билээ. Аав минь хүүгээ хааяахан  нэг зэмлэхдээ өнөөх хийсэн хэрэг, төлсөн төлбөр хоёроо  сануулдаг байж билээ. Ингээд бодохоор л  та минь үр хүүхдээ өсгөж өндийлгөх гэж өчнөөн олон сар хоног зовж, зүдэрч нойргүй хонож, багаар бодоход л 30-гаруй жил унтах нойр, идэх хоолоо умартан зүтгэж дээ. Алс хол, аян замд алжаан ядарч, айж сандарч, аргаа барж тэвдэхдээ ч “ээжээ” гэж аврал эрэн таныгаа дуудаж, халуурч бүлээрч, даарч жиндэхэд өвөр дулаан энгэр, өтгөн шаргал цайг тань хичнээн их санадаг гээч.ээжээ... Ийм л болохоор аугаа их хайр ачлал энэрэлийг тань алтан нар, амьд бурхан хэмээдэгийн учир нь энэ биз ээ ээжээ...

Орчлонгийн мөнх бусыг ойлгож мэдсээр байж ижийнхээ өвөрт эрхэлж нэг унтаж чадаагүйдээ, аялгуут сайхан дуугаа тандаа дуулж, ачит ээж минь та баярлан муу бор хүүгээ үнэрлэж суугаа юутай ч зүйрлэмгүй энэ л агшинг мөнхөлж чадаагүй дээ, эх, үр хоёрыг аймшигт хагацалын хар сүүдэр нөмөрхөд таныхаа дэргэд тань байж чадаагүй дээ одоо ч хүртэл харамсаж хааяа уйлах ч багадах юм даа ээжээ.

Таны минь хамгийн сайхан чанар нь хүний төлөө гэх сэтгэл, ил цагаан сургамж үг, хүний, өөрийн хүүхэд бүхнийг алагчлалгүй хайрладаг өр зөөлөн, өрөвч нинжин хайр гэж хүү нь боддог шүү ээжээ. Та минь ядарч зүдэрсэнд дэм тустай, хол, ойроос зорьж ирсэн, орж гарсан хэн бүхнийг хооллож ундалж хайраа дэвссэн ёстой л түмэн олондоо өндөр ээж нь байсан даа...Та минь хонины толгойны яс хандалж чанаад, уураг сүүл, шар тосонд шар будаа хуурч арвайн гурил самарч амтлан, хуйхалсан сүүлний год, борц, хавирга хийж болгосон хийцтэй сайхан цайгаараа түмнээ дайлж “Хүн сайн хооллож бай, хүн хооллосноор хоосордоггүй юм, олонтойгоо л яв хүүхдүүд минь” гээд л цайгаа оочилж суудаг тэр л дүр тань одоо ч нүдэнд минь харагдах юм ээжээ.

Усан морин жилийн тэр нэг зуд турхантай хатуухан өвөл, хаврыг хэдэн хүүхэдтэйгээ давсан ч таны минь бие өдрөөс өдөрт дордож үр хүүхэд бидэндээ сургамж захиасаа хэлж, хүүдээ хандаж “Надаас хойш ээжийнхээ ачааг миний хүү үүрнэ шүү” гэж аминчлан захисаныг тань өнөө хүртэл чадан ядан биелүүлж хичээж л яваа шүү ээжээ.Энэ л  өдөр та минь холын хол аргалд явсан өдөр...(2002,04,10) Ум сайн амгалан болтугай

Бүлээн уураг сүү нь тагнайд дандаа амтагдах шиг

Ээж минь, ижий минь дээ ертөнцийн сайхан Ээж минь...

Бурханд заларсан Ээж тандаа захидал илгээсэн Н.Баавгай хүү нь... 

    ( Уран бүтээлч, дуучин Насанцогтын Энхбат )

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (3)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
4 жилийн өмнө
122.201.24.33

Ахдаа амжилтын дээдийг хүсэн ерөөе

Зочин
4 жилийн өмнө
202.9.46.84

Ээж хүн гэж ийм л байдаг даа Ижийгээ их саналаа уйллаа Ума ма ни бад мэ хум

Unench
4 жилийн өмнө
202.126.88.43

Ugui mon,,saihan tseelhen hooloitoi hun shuuu,,,yagaad gavyat ogdgui yum bol oo,,,,ene zunii ulsiin bayraar ogchoosei

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.