Шинэ төрлийн коронавирусийн голомт болсон Хубэй мужийн Ухань хотод энэ сарын хоёрны өдөр төрсөн нярай вирусийн халдвар авсныг тогтоожээ. Эхээс төрөөд ердөө 30 цаг болсон нярайд сорил тавихад вирусээр халдварласан болох нь оношлогдсон байна.
Эх сурвалжийн мэдээлж байгаагаар нярайн эх амаржихаасаа өмнө шинэ төрлийн коронавирусийн халдвар авсан байжээ. Халдвар хэрхэн эхээс урагт дамжсаныг одоогоор тогтоож чадаагүй байна.
28,000 гаруй хүн халдварлаж, 563 хүн амиа алдаад байгаа коронавирусээр халдварласан хамгийн бага насны халдвар тээгч болоод байгаа бөгөөд халдвартай эхээс төрсөн анхны хүүхэд болж байна. Синьхуа агентлагийн мэдээлснээр 3,25 кг төрсөн нярайн биеийн байдал тогтвортой, эмч нарын ажиглалт, хяналтад байгаа гэжээ.
Эрүүл мэндийн ажилтнууд эхийн саваар дамжиж урагт коронавирус халдварласан байж болзошгүй гэж үзэж байна. Аль эсвэл нярай эхээс төрснийхөө дараа ээжтэйгээ ойр байсан учир дараа нь халдварласан байх ч магадлалтай ажээ. Коронавирус бага насны хүүхдэд халдварлах нь ховор байдаг гэж эмч мэргэжилтнүүд дүгнэсэн байна. Энэ удаагийн тохиолдлоос өмнө Сингапур улсад хагас ойтой хүүхэд шинэ төрлийн коронавирусээр халдварласныг тогтоосон юм.
Шинэ коронавирус Хятадаас гадна дэлхийн 25 оронд бүртгэгдэж, 191 хүнд халдварласан байна. Олон улсын хэмжээнд онц байдал зарласан Дэлхийн эрүүл мэндийн байгууллага лхагва гарагт 675 сая ам.долларын төсвөөр ирэх гурван сарын хугацаанд халдварын тархалтыг намжаах төлөвлөжээ.
Эх сурвалж: BBC