"Гэгээн шувуу" утга зохиолын сангаас залуу уран бүтээлчдийг дэмжих, дотоодын уран зохиолын залгамж халааг танилцуулах, уран бүтээлийн замд хөтлөх зорилгоор "Тагтаа-Prize" утга зохиолын шилдэг бүтээл шалгаруулах уралдааныг хоёр жилд нэг удаа зохион байгуулдаг. Энэхүү уралдаан нь яруу найраг, өгүүллэг, орчуулгын төрлөөр шилдгийг шалгаруулдаг билээ. Уралдааны өмнөх жилийн ялагчид "Сайн уу, гуниг минь", "Пигийн амьдрал", "Истанбул: Дурсамж ба хот", "Амьдрахуй", "Цусаа худалдсан тэмдэглэл" алдарт бүтээлүүдийг орчуулан уншигчдаас өндөр үнэлгээ авсан.
Ийнхүү залуу уран бүтээлчдийн чанар, чансааг шалгах "Tаgtaa Prize 2020” шилдэг бүтээлийн уралдаан зарлагдаж, оролцогч, уран зохиол сонирхогчдын дунд хүлээлт үүсгээд байгаа билээ. Тус уралдааны талаар тодруулахаар “Тагтаа Паблишинг”ийн үүсгэн байгуулагч, яруу найрагч Батсуурийн Баясгаланг түр хүлээлгэлээ.
-"Tаgtaa Prize 2020” уралдаанд хэр олон бүтээл ирсэн бэ. Шалгаруулалтын дүн хэзээ гарах вэ?
- Гуравдугаар сарын 10-наас уралдаанд оролцогчдын материал хүлээж авсан. Олон бүтээл ирж байна, тоог нь хэлэх боломжгүй. Одоо ч бүтээлүүд ирсээр байна. Бүтээл хүлээн авах хугацаа өнөөдрөөр дуусгавар болно. хэр олон бүтээл уншихаас хамаарах учраас дүн гарах хугацааг бас хэлж мэдэхгүй байна.
-“Тагтаа паблишинг”-аас ойрын хугацаанд шинэ ном гаргах уу?
-Он гарсаар ном гаргаагүй байсан. Туркийн зохиолч Элиф Шафакийн “Хайрын дөчин дүрэм” роман, Америкийн зохиолч Нэйл Гэйманы “Каролайн” хэмээх өсвөр насны хүүхдэд зориулсан зохиолыг уншигчдад хүргэхээр бэлдэж байна.
-Бэлтгэл ажил хэдэн хувьтай байна вэ?
-Хавтасны дизайн дээрээ л явж байна. Энэ сарын дундуур уншигчдын гарт хүргэх төлөвлөгөөтэй.
-Танайхаас орчуулан гаргасан номнуудаас ямар ном уншигчдын дунд эрэлттэй байна вэ?
-Манайхаас гаргасан хятадын зохиолч үй хуагийн “Амьдрахуй”, “Цусаа худалдсан тэмдэглэл” романууд худалдаанд гарснаасаа хойш шилдэг борлуулалттай номын жагсаалтаас буусангүй.
П.Даваажаргал
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.