АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвөөс явуулсан судалгаагаар эцэг, эхчүүд хүүхдэдээ эм өгөхдөө зориулалтын соруул ашиглалгүйгээр амны халбага ашиглан тунг нь хэтрүүлэх эсвэл багадуулдаг нь батлагдсан байна. Хүүхдийн эм голдуу шингэн хэлбэртэй байдаг бөгөөд зориулалтын соруул дагалдан ирдэг. Гэтэл эцэг, эхчүүд ийм төрлийн эмийг хүүхдэдээ өгөхдөө ихэвчлэн халбага хэрэглэдэг нь тун хэтрүүлэхэд хүргэдэг байна.
Түүнчлэн эмийн заавар үйлдвэрлэгч орны хэл дээр байдаг нь эцэг, эхчүүдэд томоохон бэрхшээл болдог учир тэд зааврыг уншилгүйгээр хүүхдэдээ өгөх тохиолдол олон байдаг аж. Атланта, Нью-Йорк болон Станфорд, Калифорни дахь хүүхдийн амбулаторт хэвтэн эмчлүүлж буй наймаас доош насны 2100 хүүхдийн асран хамгаалагчаас авсан судалгаагаар эцэг, эхчүүд эмийн зааврыг бараг уншдаггүй нь батлагдсан байна.
Эмийг өндөр тунгаар хэрэглэвэл гаж нөлөө ихсэх, хордох, эрхтэн системийг гэмтээх аюултай. Харин багадуулбал эмчилгээний үр нөлөө буурдаг тул тохирох хэмжээгээр хэрэглэх нь хамгийн чухал. Эмийн тунг милграмм, миллитр, хувь зэрэг олон улсын нэгжээр хэмждэг. Тухайн эмний заавар дээр хэрхэн хэрэглэх тодорхой байдаг учир эм тус бүрийн зааврыг нь уншиж байж хэрэглэхийн чухлыг судалгааны багийнхан онцолжээ.
Эх сурвалж: https://www.livescience.com/48413-parents-causing-epidemic-of-childrens-medication-overdoses.html
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.