БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатын тушаалаар нэг шоо.метр модны үнэлгээг 2.7 дахин, нэг га ойн экологи-эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмжээ. Шинэчлэн баталсан ойн экологи-эдийн засгийн үнэлгээнд ойн нөөц, ойн дагалт баялгийн үнэлгээнээс гадна ойн ус зохицуулах, хөрс хамгаалах, нүүрсхүчлийн хийг шингээх, нийгэм, амралт зугаалгын ач холбогдлын үнэ цэнийг нэмж тооцжээ.
Ойн экологи-эдийн засгийн үнэлгээг шинэчилснээр ойн нөөц ашигласны төлбөрөөс орон нутгийн төсөвт жилд дунджаар гурван тэрбум төгрөг ордог аж. Харин энэ тоо хамгийн багадаа гурав дахин нэмэгдэж, ойг хамгаалах, нөхөн сэргээхэд зарцуулах хөрөнгийн хэмжээ нэмэгдэх боломж бүрдэх гэнэ. Мөн ойд хууль бус үйл ажиллагаа явуулсан нөхцөлд байгаль хамгаалах тухай хуульд заасны дагуу ойн экологи-эдийн засгийн нийт үнэлгээг гурав дахин нугалсантай тэнцүү хэмжээгээр нөхөн төлбөр ногдуулах тул хууль бус мод бэлтгэл, уул уурхайн ашиглалтаас үүдэлтэй ойд хохирол учруулах, түймэр тавих зэрэг ойн баялгийн эсрэг үйл ажиллагаанд тооцох хариуцлагыг өндөрсөж, үүнийг таслан зогсооход томоохон алхам болно гэж үзэж байгаа аж. харин мод бэлтгэхэд мөрдөж байгаа хөнгөлөлтүүд хэвээр байхын зэрэгцээ импортын мод, модон материалыг гааль болон нөат-аас чөлөөлсөн тул дотоодын зах зээлд үнийн хөөргөдөл бий болохгүй гэнэ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.