Шинэ Зеланд улсад коронавирусээс урьдчилан сэргийлж хөл хорио тогтоосны дараа эрх баригчид ариун цэврийн цаас, гурил будааг хэт ихээр худалдан авахгүй байхыг сэрэмжлүүлж байсан ч бусад төрлийн бараа бүтээгдэхүүний эрэлт, борлуулалтыг анзаарсангүй бололтой. Шинэ Зеландад насанд хүрэгчдэд зориулсан тоглоом зардаг үндэсний хэмжээний хамгийн том компани хөл хорио тогтоосноос хойш борлуулалт нь гурав дахин нэмэгдсэнийг мэдэгджээ.
Ерөнхий сайд Жакинда Ардерны шийдвэрээр сарын хугацаанд хорио цээрийн дэглэм хэрэгжинэ. Оршин суугчид хүнс, эм авах зэрэг онцын хэрэгцээ шаардлагаар гэрээсээ гарах эрхтэй юм. Иргэд ихэнх цагаа гэртээ өнгөрөөх болсноор есөн сарын дараа шинээр мэндлэх хүүхдүүдийн тоо эрс өснө хэмээн олон нийтийн сүлжээнд хөгжилтэй постууд олноор тавигдах болсон.
Тэгвэл Шинэ Зеландын Adult Toy Megastore-ын мэдээлснээр гуравдугаар сарын 25-ны өдөр хорио цээр тогтоохоос 48 цагийн өмнө борлуулалт нь огцом гурав дахин өсчээ. Тэр дундаа анхлан суралцагсдад зориулсан насанд хүрэгчдийн тоглоом, бүтээгдэхүүн хамгийн их зарагдсан байна. Магадгүй хосууд илүү завтай, гэртээ байх болсноор шинэ зүйл туршиж үзэхийг хүссэн байх хэмээн тус компанийн хэвлэлийн төлөөлөгч Эмили Врайтс хэлжээ. Хорио тогтоосны дараа бэлгэвч, тос, сарын тэмдгийн аяганы борлуулалт мөн эрс өссөн байна.
Түүнчлэн Австрали улсад Ерөнхий сайд Скотт Моррисон хөл хорио тогтоосны дараа насанд хүрэгчдийн тоглоом, хэрэглэлийн салбарын борлуулалт хоёр дахин нэмэгджээ. Их Британи улсад ч энэ төрлийн бараа бүтээгдэхүүн Австрали улстай ижил хоёр дахин нэмэгдсэн үзүүлэлт гарчээ.
Нөгөө талаар гэр бүл болж нэг гэрт орж амжаагүй хосууд биенээсээ хол тусгаарлагдах явдал ихэссэн бөгөөд насанд хүрэгчдэд зориулсан киноны зах зээлд ч мөн өөрчлөлт гарсан байна. Насанд хүрэгчдэд зориулсан киноны төрөл төдийгүй хэрэглээ улам дэлгэрсэн ажээ. Тухайлбал Pornhub насанд хүрэгчдийн сайтын мэдээллээр гуравдугаар сард хэрэглэгчдийн тоо эрс нэмэгдсэн байна. Зарим өдрүүдэд сайтад хэт олон хэрэглэгч нэвтэрснээс гацах явдал ойр ойрхон давтагджээ.
Халдварт өвчин хурдацтай тархаж байгаа тул ихэнх иргэдийн хувьд хавьталд орохоос илүү ганцаар байх нь аюулгүй санагдаж байгаа юм. Гэвч тэд зөвхөн насанд хүрэгчдийн кинонд дурлаад зогсохгүй коронавирус гэсэн гарчигтай кинонд илүү дурлах болжээ. Pornhub-ын мэдээлснээр нийт есөн сая гаруй удаа коронавирус гэсэн үг орсон хайлт илэрсэн байна. Энэ нь киноны дүрүүд дотно харилцаанд орж байхдаа амны хаалт, мэс заслын бээлий, хамгаалалтын хувцас хэрэглэж буйг харуулах ажээ.
Валентин, Хэлловин, Зул сарын баяруудаар насанд хүрэгчдийн киноны хайлт эрс нэмэгддэг байна. Учир нь эдгээр баяруудад гэр бүл, хосууд хамтдаа цагийг өнгөрөөх боломж гардаг гэж мэргэжилтнүүд хэлж байна.
Хэрэв хорио цээрийн дэглэм хэт удаан үргэлжилбэл нөхөн үржихүйн насны иргэдийн дунд бэлгийн гаж буруу урсгалыг сонирхох, хэт татагдах, сэрэл мэдрэмж нэмэгдэх үзэгдэл ихэсч болзошгүй гэдгийг мэргэжилтнүүд сэрэмжлүүлж байгаа ажээ. Нэн ялангуяа коронавирустэй холбоотой насанд хүрэгчдийн кино зах зээлийг эзэлбэл халдварт цар тахалтай холбоотойгоор амны хаалт зүүх нь эрсдэлтэй болж эхэлнэ гэжээ.
Эх сурвалж: The Guardian, Psychology Today
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.