Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг Монгол Улсын Засгийн газар аль чадлаараа хийж байгаа билээ.
Гэтэл коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх ажил Говь-Алтай аймгийн Засаг дарга, ИТХ-ын дарга нарт огт падлийгүй байдаг бололтой.
Тухайлбал, Говь-Алтай аймгийн ИТХ-ын дарга Л.Батжаргал 2020 оны гуравдугаар сарын 16-ны өдөр “Ойн хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” гэх 27 дугаартай тогтоолыг баталж, Говь-Алтай аймгийн 80 жилийн баяр наадмыг тэмдэглэх зардлын эх үүсвэрийг бүрдүүлэх зорилгоор төрийн болон орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын ажилтан албан хаагчид нэг өдрийн цалингаа хандивлахыг уриалсан байх юм.
ИТХ-ын даргынхаа цагаа олоогүй шийдвэрийг тус аймгийн Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэж буй Я.Эрхэмбаяр уухайлан дэмжиж, Говь-Алтай аймгийн ЗДТГ болон түүний харьяа агентлагийн бүх дарга нарт “Ажилтнуудаасаа нэг өдрийн цалинг хандиваар татан авах ажлыг зохион байгуул” гэх албан бичиг илгээсэн байгааг та бүхэн харж байна.
Говь-Алтай аймгийн Засаг даргаар ажиллаж байсан В.Рэнцэндорж нь улс орны хэмжээнд онц байдал зарласан байх хугацаанд ажлын байран дээрээ архидан согтуурч, цэл залуухан эмэгтэйн амь насыг хохироосон гэх хэрэгт нэр холбогдон халагдсан билээ.
Гэтэл түүний ажлыг орлож авсан Я.Эрхэмбаяр дарга нэг иймэрхүү байдлаар тус аймгийг удирдаж байна.