Коронавирусийн халдвараас үүдсэн эдийн засгийн хямралаас болж зарим аж ахуйн нэгжүүд ажлын байраа цомхотгож байгаагаа мэдэгдээд байгаа юм. Тухайлбал, “Таван богд” групп 2000 орчим ажилтнаа цомхотгохоо мэдэгдсэн байна. Цаашид хэдэн компани, хэдэн хүнээ халах нь тодорхойгүй байна. Ажилгүйчүүдийн тоо нэмэгдэхийн хэрээр ажилгүйдлийн даатгалын сангаас гаргах мөнгөний хэмжээ нэмэгдэнэ, цаашлаад улсын эдийн засагт сөрөг нөлөө үзүүлнэ.
Тэгвэл ажилгүйдлийн даатгалын сангаас зарцуулсан мөнгөний дүн өмнөх оноос 42 хувиар өссөн талаар НДЕГ-ын ахлах мэргэжилтэн С.Лхагвадорж хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ.
2019 оны гуравдугаар сард ажилгүйдлийн даатгалын сангаас 5000 мянган даатгуулагчид есөн орчим тэрбум төгрөгийн тэтгэмж олгосон. Харин 2020 оны гуравдугаар сарын байдлаар 5268 даатгуулагчид 12.8 тэрбум төгрөгийн ажилгүйдлийн тэтгэмж олгожээ.
Ажилгүйдлийн тэтгэмж авч байгаа иргэдийн тоог өнгөрсөн онтой харьцуулахад 268-аар өсчээ. Энэ нь тийм өндөр үзүүлэлт биш ч тэтгэмжийн зарцуулалт 42 орчим хувиар өссөн байна. Энэ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болон цалин нэмэгдсэнтэй холбоотой ажээ.
Цаашид ажилгүйдлийн даатгалын сангаас гарах зардал өшөө өсөх хандлагатай байгаа учир Засгийн газраас аж ахуйн нэгжүүдийг ажлын байраа хадгалж үлдэхийг зөвлөж, ажлын байраа хадгалсан ААН-үүдийн ажилчдад 200 мянган төгрөг олгохоо мэдэгдээд байгаа юм. Уг асуудал энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар тодорхой болох юм.