Өнгөрсөн онд Капитал банкийг татан буулгах шийдвэрийг гаргасан. Ингээд Капитал банкны өр төлбөрийг Монголбанкны эрх хүлээн авагчид хариуцан ажиллаж байгаа билээ. Тэгвэл Монголбанк Капитал банкны эрхийг хүлээн авснаас хойш нийт иргэн, аж ахуйн нэгжүүдэд өгөх ёстой 641,1 тэрбум төгрөгийн өр төлбөрийн 110,6 тэрбум төгрөгийн өрийг барагдуулжээ. Одоо цаашид шат дараалан төлж, барагдуулахаар ажиллаж байгаагаа хэлж байна. Дээрх 110,6 тэрбум нь нийт 355 088 иргэн, аж ахуйн нэгж байгууллагын өр төлбөр юм.
“Капитал” банк дампуурлаа зарлах үед төрийн 29 байгууллагын 375 тэрбум төгрөгийг байршуулсан байдаг. Үүний дотор
Нийгмийн даатгалын сангийн 104 тэрбум төгрөг,
Эрүүл мэндийн даатгалын сангийн 134.8 тэрбум төгрөг,
Татварын ерөнхий газрын 1.5 тэрбум,
Сангийн яам 16.8 тэрбум,
Эрдэнэт үйлдвэр 155 сая төгрөг,
Дулааны III цахилгаан станц 30.8 тэрбум төгрөг,
ХХҮЕГ 3.9 тэрбум төгрөгийг хадгалуулсан байдаг.
Капитал банкны эрх хүлээж авснаас хойш гадаадын банк, санхүүгийн байгууллагууд дахь 18 ностро дансыг хааж, нийт 612.5 сая төгрөгтэй тэнцэх гадаад валютын мөнгөн хөрөнгийг Монголбанк дахь харилцан дансандаа төвлөрүүлжээ.
“МИК холдинг” ХК-ийн 356,110 ширхэг хувьцааг нийт 4.05 тэрбум төгрөгөөр худалдаж, уг орлогоор Банкны эрх хүлээн авагчийн гаргасан өрийн бичгийн үндсэн төлбөрт 4 тэрбум төгрөг, түүний хүүний төлбөрт 52.5 сая төгрөг төлжээ.
Капитал банкны "МИК"-д худалдсан орон сууцны ипотекийн 1706 зээлдэгчийн 83 тэрбум төгрөгийн зээл тэнцлийн гадуур бүртгэлтэй байсныг “МИК ОССК” ХХК-тай гэрээ байгуулж, 83 тэрбум төгрөгийн багцыг Улаанбаатар хотын банк болон Хаан банк руу тус тус шилжүүлжээ.
Мөн Капитал банк ХХК-ийн 354 260 харилцагч, иргэн, байгууллагын даатгагдсан хадгаламжийн нөхөн төлбөрт нийт 44.7 тэрбум төгрөгийг Хаан банкинд шилжүүлсэн.
Төлбөрийн нэхэмжлэлийг хүлээн авч баталгаажуулж, дараалалт орсон 827 нэхэмжлэгчийн 65.9 тэрбум төгрөгийг барагдуулсан бол 1568 иргэн, аж ахуйн нэгж 1,5 тэрбумын мөнгөө нэхэмжлээгүй байгаа ажээ.
Банкнаас авлагатай этгээдүүдийн нэхэмжлэлийн шаардлага баталгаажуулах ажлын үр дүнд 2019 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдрийн байдлаар дутуу бүртгэсэн байсан 7.9 тэрбум төгрөгийн хуримтлуулж тооцсон хүүгийн өглөгийг зардлаар, банкны санхүүгийн тайланд бүртгээгүй байсан эрх зүйн хувьд баталгаажсан нийт 8.5 тэрбум төгрөгийн өр төлбөрийг зардлаар тус тус нөхөж бүртгэснээр нийт 628.5 тэрбум төгрөгийн банкнаас авлагатай этгээдүүдийн нэхэмжлэлийн шаардлагыг баталгаажуулсан гэлээ.
Банкны эрх хүлээн авагч нийт 50 тэрбум төгрөгийн өрийн бичиг гаргасан бөгөөд жилийн эцсийн байдлаар 8 тэрбум төгрөгийн эргэн төлөлт хийж, өрийн үлдэгдэл 42 тэрбум төгрөг байгаа ажээ.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас Капитал банкинд хамаарах шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа 246 гүйцэтгэх баримт бичгийн судалгааг авч, зээл барагдуулах ажиллагаанд ашиглаж байгаа аж.
Банкны эрх хүлээн авагч нь Монголбанкны туслах ажлын хэсгээс 2019 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдөр 241 тэрбум төгрөгийн зээлийн багц, үүнээс 84.9 хувь буюу 204.7 тэрбум төгрөгийн чанаргүй зээл хүлээн авчээ.
Банкны зээлийн багц 2019 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн байдлаар 211.7 тэрбум төгрөг байгаагаас 90.8 хувь буюу 192.3 тэрбум төгрөгийг чанаргүй зээл эзэлж байгаа аж.
Эрх хүлээн авагч ажиллаж эхэлснээс хойш нийт 65 зээлдэгчээс 94.5 тэрбум төгрөгийг нэхэмжлэх шаардлагыг анхан шатны шүүхэд гаргаж ажиллажээ.
Зургаан зээлдэгчийг эрэн сурвалжлах захирамж гаргуулж, олдохгүй байгаа зээлдэгчийн барьцаа хөрөнгө болон бусад эд хөрөнгүүдээр өр төлбөрийг барагдуулахаар ажиллаж байгаа гэв.
Түүнчлэн тус банкнаас зээл авсан томоохон зээлдэгчдийг өр төлбөрөө төлөхгүй тохиолдолд ил тод зарлах арга хэмжээ авна гэлээ.
Капитал банк төлөх үүрэгтэй 1.9 тэрбум төгрөгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны материалыг хуульд заасны дагуу татан буулгах комисс буюу эрх хүлээн авагчид шилжүүлж авчээ.
Нийслэлийн прокурорын газраас Капитал банкны гүйцэтгэх удирдлагаар ажиллаж байсан А.Ариунболд нарт холбогдох 1902002900121 дугаартай эрүүгийн хэрэгтэй холбоотойгоор “Капитал банк” ХХК, түүний охин компаниудын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүдийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлажээ.
Банкны хөрөнгийг худалдан борлуулсан орлогоос төлбөр барагдуулах ажиллагаа нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас зогсонги байдалд байгаа юм байна.
Нийт 220 гаруй үл хөдлөх хөрөнгө, газар битүүмжтэй байгаа бөгөөд эдгээр хөрөнгийн татвар, газрын төлбөр, харуул хамгаалалт, засварын зардал, тогтмол зардлууд нэмж гарсаар байгаа аж. Уг битүүмжлэлийг цуцлуулахаар прокурорын дээд шатны удирдлагуудад хүсэлт гаргасан боловч эрүүгийн хэргийг шийдэгдтэл битүүмжтэй байх нь зөв гэсэн байр суурийг илэрхийлжээ.