Улсын ерөнхий прокурорын газраас сүүлийн үед шалгагдаж буй хэргүүдийн явцын талаар мэдээлэл сэтгүүлчдэд өгсөн. Энэ дунд УИХ-ын гишүүн Д.Дамба-очир, Г.Солтан нарын хэргийг шүүхэд шилжүүлсэн талаар онцоллоо. Мөн УИХ-ын гишүүн Б.Ундармаа, Л.Энхболд нарын хэргийг мөрдөн шалгаж байгааг дурдсан юм.
Дээр нэр дурдагдсан УИХ-ын гишүүдийг ЖДҮХС-гаас албан тушаал, нэр нөлөөгөө ашиглан хамаарал бүхий этгээдүүддээ зээл авч өгсөн гэх хэрэгт буруутгагдаад байгаа. Өнгөрсөн онд УЕПГ-аас дээрх гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УИХ руу оруулсан ч чуулганд оролцсон гишүүдийн дийлэнх нь бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзсэн билээ.
Энэ талаар УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогтоос тодруулахад:
-Одоогоор хэн нэгэн гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх санал УИХ-д ирээгүй. Хэрэв бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх санал орж ирвэл эхлээд Халдашгүй байдлын дэд хороо, дараа нь Хууль зүй, Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцсэний дараа УИХ-ын чуулганд ордог дэгтэй гэж хариуллаа.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.