Хятадын эрх баригч Коммунист намыг хурцаар шүүмжлэгчдийн нэг Рен Зициан коронавирусийн халдвартай тэмцэж буй Си Зиньпин даргыг “алиалагч” хэмээн шүүмжлэн нийтлэл бичсэний дараа өнгөрсөн сард сураггүй алга болжээ. Тэгвэл Хятадын авлигын эсрэг эрх баригчдын мэдэгдсэнээр түүнийг хууль дүрэм, сахилга бат зөрчсөн ноцтой хэргээр мөрдөн шалгаж байгаа гэжээ.
Рен Зициан нь Хятадын үл хөдлөх хөрөнгө зуучлалын салбарт нэрд гарсан тэрбумтан бөгөөд эрх баригч намын гишүүдтэй харилцаа холбоо сайтай байжээ. Коронавирустэй тэмцэж буй Си Зиньпин даргын арга барилыг шүүмжилсэн нийтлэл бичсэнээс нь хойш найзууд нь түүнтэй холбоо тогтоож чадахгүй болсон гэдгээ Reuters агентлагт ярьсан байна.
Си Зиньпиний хоёрдугаар сарын 23-ны өдөр хийсэн мэдэгдэлд Рен дүн шинжилгээ хийжээ. Тэрээр эрх баригч намд засаглалын хямрал үүссэн гэдгийг нийтлэлдээ тусгасан байна. Уг нийтлэлдээ Си даргын нэрийг огт дурдаагүй боловч “Хаан эзэн шинэ хувцасаа дэлгэн харуулсан явдал биш, харин үргэлжлүүлэн хаан ширээнд суух хүсэлтэй алиалагч хувцасаа тайлсан хэрэг. Цар тахлын үеэр эрх баригч нам өөрсдийн ашиг сонирхлоо хамгаалахыг хүссэн. Засгийн газрын эрх баригчид, их гүрэн хувийн болоод дотоод ашиг сонирхол, байр сууриа хамгаалсан төдий юм” хэмээн дурджээ.
Ноён Рен 2016 онд Засгийн газрын бодлогыг ил тодоор шүүмжилснийхээ төлөө нэг жилийн тэнсэн харгалзах ялаар шийтгүүлж байжээ. Олон арван сая дагагчтай түүний сошиал хаягууд бүгд хаагдсан байна. Коронавирусийн талаар анх мэдээлж, сэрэмжлүүлсэн эмч нарыг шийтгэсэн ба бодит мэдээллийг нуун дарагдуулахыг оролдсон нь ил болсны дараа Хятадын Засгийн газар дотооддоо төдийгүй олон улсын тавцанд ихээхэн шүүмжлэл дагуулаад байгаа юм.
Эх сурвалж: The Guardian
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.