Нийслэл хотод ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажлыг шат дараатай хийж байгаа билээ. Тэгвэл ямар төрлийн ариутгалын ажил хийж байгаагаас гадна албан байгууллага, айл өрхүүд гэр орноо хэрхэн ариутган, цэвэрлэх талаар Монголын халдваргүйтгэл, ахуйн шавьж мэрэгчтэй тэмцэх холбооны Нарийн бичгийн дарга А.Баасанжавийг Халуун сэдэв ярилцлагын буландаа урьж оролцуулсан юм.
Тэрбээр “Улаанбаатар хотод халдваргүйжилтийн гурван үе шаттай ажил хийгдэж байна. Эхний ажил хоёрдугаар сарын 8-ны өдрөөс гуравдугаар сарын 2-н хүртэл бүх дүүргүүдийн 18330 цэгт урьдчилан сэргийлэх халдваргүйтгэлийг 85 хувьтай хийсэн. Хоёрдугаар шатны халдваргүйжилтийг 6282 цэгт хийсэн. Хотын захирагчийн нөөц хөрөнгөөс 108 сая төгрөг гарган 37 аж ахуйн нэгжид хувиарлан нэг удаагийн өмсгөл, ариутгалын бодис нөөцлөх боломжоор хангасан.
Гуравдугаар шатанд нийтийн аж ахуйн нэгжүүд, супермаркет, дэлгүүр, бүх хороодод байгаа ТҮЦ, найман нэрийн дэлгүүр, өрхийн эмнэлэгт үнэ төлбөргүй ариутгал хийгдэж байгаа. Энэ ариутгал бусад ариутгалаас юугаараа ялгаатай гэхээр мананцар үүсгэн хийж байгаа юм. Түүнчлэн бүх дүүргүүдийн гэр хорооллын айлуудын нойлыг ариутгах ажил хийгдэж эхэлж байгаа.
Өндөржүүлсэн бэлэн байдлын энэ үед халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг дангаараа сайн хийгээд байгаа биш бүх албан байгууллагууд, иргэд гэр орондоо их цэвэрлэгээ хийж байна.
Коронавирусийн халдвар хөрш хоёр орноос зөөвөрлөгдөн орж ирэх магадлал өндөртэй. Хөрш хоёр орноос маш их хэмжээний бараа таваар орж ирж байна. Өнөөдрийн байдлаар хилийн хяналт шалгалтын газарт 2-3 ариутгалын компани урьдчилан сэргийлэх халдваргүйтгэл хийж байгаа. Гэхдээ тэнд хийж байгаа гээд санаа амарч болохгүй. Тэгэхээр албан байгууллага, гэртээ бараа бүтээгдэхүүн худалдан авсан бол маш сайн цэвэрлэх хэрэгтэй. Коронавирусийн хувьд хөөсөрхөг саванд тэсвэргүй учраас ариутгалын шингэнээр угааж, олон удаа зайлах нь зөв. Дан ганц хүнсний бүтээгдэхүүн биш бүх төрлийн бараа таваар, хувин сав, хүүхдийн тоглоом импортын бараа бүтээгдэхүүнд халдваргүйтгэл хийх.
Албан байгууллага, айл өрхүүд стандартын дагуу их цэвэрлэгээ хийхдээ дээрээсээ доош нь, цэврээсээ бохир гэсэн урсгалыг баримтлах. Хоёрдугаарт нүдэнд харагдахгүй вирус, бактери, нянгууд хаана үржих вэ гэхээр хаана бохир байна тэнд вирусийн аятай нөхцөл бүрдэнэ.
Тэгэхээр айл өрхүүд гэртээ чийгтэй цэвэрлэгээг маш сайн хийх хэрэгтэй. Гэрийнхээ бохирдсон хэсгийг биш бүх булан тохойг ариутгалын бодистой алчуураар цэвэрлэж, шүрших. Ариутгалын уусмалаар арчиж, шүршиж байгаа ч нэг үйлдлийг орхиж байна. Нүдэнд харагдахгүй вирус ариутгалын бодист үхдэг ч тэр үхсэн вирусийг арчиж цэвэрлэх хэрэгтэй тул цэвэр нойтон алчуураар арчих хэрэгтэй.
Уг вирус бид нарын нүдэнд харагдахгүй гарт баригдахгүй учраас хаана бол хаана наалдана. Тийм учраас цэвэрлэгээг маш сайн хийх хэрэгтэй.
Монголын халдваргүйтгэл, ахуйн шавьж мэрэгчтэй тэмцэх холбооноос тодорхой хэмжээнд ариутгалын бодис худалдаалж байгаа. Ариутгалын бодисыг зөв процентоор хэрэглэх нь зүйтэй.
Энэ өвчин маань агаараар, амьсгалаар, ахуйн хавьтлаар халддаг тул гэр хорооллын айл өрхүүдэд гурван зүйл зөвлөмөөр байна. Нэгдүгээрт айл өрхүүд уух усаа өдөр болгон татаж авах. Уух усаа хийж байгаа нөөцлөх саваа 2-3 хоногт маш сайн угаах, дотор талыг нь угааж цэвэрлэж, ариутгах. Жорлонгоо ариутгалын уусмалаар гарын доорх материалаар угаахаас гадна цонх арчдаг шингэний саванд ариутгалын бодисоо хийн жорлонгийнхоо хаалга, хана, гишгүүр тавиурыг нэг удаа ариутгалын бодисоор ариутгах. Түүнчлэн гаднаас орж ирэнгүүтээ гутлаа тайлах зэрэг зөвлөмжийг хэрэгжүүлжүүлмээр байна” гэлээ.
Гэр хорооллын айл өрхүүдэд вирусийн халдвараас сэргийлэх гурван зөвлөмжийг хүргэж байна